В.Путин Францад айлчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-08-19 12:38:57

МОСКВА. /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Францын төрийн тэргүүн Эмманюэль Макроны урилгаар даваа гарагт тус улсад ажлын айлчлал хийнэ гэж Кремлийн хэвлэлийн алба мэдээлжээ.


Хоёр улсын Ерөнхийлөгч нар Францын өмнөд нутагт орших, тус улсын төрийн тэргүүний зуны өргөө Брегансон цайзад уулзана. Дэлхийн олон удирдагч очиж байсан эртний уг цайз түүхэндээ анх удаа Орос, Францын Ерөнхийлөгч нарын уулзах газар болох юм.  


“ОХУ болон Францын Ерөнхийлөгч нар улс төр, худалдаа, эдийн засаг болон соёл, хүмүүнлэгийн салбар дахь Орос-Францын харилцааны өнөөгийн байдал, хэтийн төлөвийг хэлэлцэхийн сацуу, олон улсын болон бүс нутгийн тулгамдсан асуудлууд, тухайлбал, Сири, Ливи болон Украины байдлыг зохицуулах асуудлаар санал бодлоо солилцоно. Хоёр орны удирдагчид мөн Ираны цөмийн хөтөлбөрийн эргэн тойронд үүссэн асуудлыг хэлэлцэнэ” гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн олон улсын асуудал хариуцсан туслах Юрий Ушаков мэдээлжээ.


Ю.Ушаковын хэлснээр, удахгүй эхлэх айлчлалыг хэвлэлийнхэнтэй уулзсанаар эхлүүлэхийг Францын талаас  санал болгожээ. Үүний дараа хоёр улсын төлөөлөгчдийн баг хэлэлцээ хийх аж. Харин дараа нь хоёр улсын удирдагчид ганцаарчилсан хэлбэрээр уулзана. Уулзалтын дараа Оросын удирдагч сэтгүүлчидтэй уулзаж, тэдний асуултад хариулж мадагүйг Ю.Ушаков үгүйсгээгүй байна.


Холбоотой мэдээ