Бразилд төрөлхийн гажигтай хүүхдийн тоо 1000 давав

ДЭЛХИЙН МЭДЭЭ
jargal@montsame.mn
2016-04-06 13:08:41

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /TASS/. Эхэд нь “Зика” вирус халдварласнаас үүдэн төрөлхийн гажигтай төрсөн нь нотлогдсон 1046 нярай Бразил улсад бүртгэгдсэн тухай тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлжээ.

Тус яамны мэдээлснээр, дахиад 4046 нярайд ийм онош тогтоогдож магадгүй байгаа бөгөөд тэдэнд төрөлхийн гажигтай болсон эсэхийг тогтоох нэмэлт шинжилгээ хийж байгаа аж. Өнгөрсөн оны 10 дугаар сараас хойш буюу Бразилын эрх баригчид ийм бүртгэл хөтөлж эхэлснээс хойш бүртгэгдсэн төрөлхийн гажигтай байж магадгүй 1814 нярайд шинжилгээ хийхэд дээрх эмгэг илрээгүй байна. Бразилын Эрүүл мэндийн яам мөн жирэмсний хугацаанд эхэд “Зика” вирус халдварласны улмаас нярайд мэдрэлийн эмгэг үүсч, улмаар эндсэн 51 тохиолдлыг бүртгэжээ. Түүнээс гадна, 148 нярайн эндэгдлийн шалтгааныг шалгаж байгаа аж.

Жирэмсэн эмэгтэй “Зика” вирусийн халдвар авсан тохиолдолд урагт сөргөөр нөлөөлж, микроцефаль буюу гавлын яс жижгэрч, улмаар оюуны хомсдол, хараа, сонсголгүй болгодог төрөлхийн гажиг үүсч байж болзошгүй гэж Бразилийн Эрүүл мэндийн яам өнгөрсөн оны 11 дүгээр сарын сүүлээр анхааруулжээ.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ