Нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайг нэмэгдүүлэх хотын даргын захирамжийн хүрээнд хэрэгжүүлж буй ажлын талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны орлогч дарга Д.Нямдаваа тэргүүтэй албаны хүмүүс өнөөдөр мэдээлэв.
Энэ хүрээнд авто замын орц гарц, явган хүний зам талбай, нийтийн эзэмшлийн газарт зохих зөвшөөрөлгүйгээр зөөврийн байгууламж байрлуулсан, зуслангийн бүсэд гудамж зам хаасан, эзэмшил ашиглалтад байгаа газраа дур мэдэн нэмж хашаа, барилга байгууламж барьсан зэрэг 90 зөрчлийг илрүүлж, 140 обьектыг чөлөөлжээ.
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны орлогч дарга Д.Нямдаваа, “Одоогоор хороолол дундах авто замын 26 байршилд орц гарц нээсэн. Түүнчлэн нийтийн эзэмшлийн 12 байршилд 2890 ам дөрвөлжин метр талбай нэмэгдсэн. Явган хүний замыг хаасан 45 байршилд 3883 ам дөрвөлжин метр талбайг чөлөөлөн, газар ашиглалтыг сайжруулах арга хэмжээ авч байна. Чингэлтэй дүүрэгт 1, Баянгол дүүрэгт 12, Баянзүрх дүүрэгт 7, Сонгинохайрхан дүүрэгт 11, Сүхбаатар дүүрэгт 13, Хан-Уул 9 байршилд газар чөлөөлөх ажил хийгээд байна” гэлээ.
Уг ажлыг эрчимжүүлэх зорилгоор нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд суурин судалгаа хийж, нийт 198 байршилд зөрчлийг илрүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 52 байршилд газар чөлөөлөлт хийжээ.