Леонардо Да Винчигийн алдарт бүтээлийн анхны нооргийг илрүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2019-08-15 14:30:58

ЛОНДОН. /CNN/. Италийн нэрт уран бүтээлч Леонардо Да Винчигийн хамгийн алдартай зургуудын нэгээс зурж эхлээд үргэлжлүүлэлгүй орхисон ноорог зураг болон хурууны хээ илрүүлсэн байна.


Их Британийн нийслэл Лондон хотын Үндэсний галерейн үзмэр болох 500 гаруй жилийн түүхтэй “The Virgin of the Rocks” нэртэй зурагт мэргэжилтнүүд шинжлэх ухааны судалгаа хийсний дүнд Леонардо Да Винчигийн эхлүүлээд орхисон анхны ноорог зургийг илрүүлжээ.


"Олон зууны турш дэлхий дахиныг алмайруулсан уг зургийн анхны хувилбарт сахиусан тэнгэр, бяцхан Есүсийг дүрсэлсэн байсны зэрэгцээ алдарт уран бүтээлчийн хурууны хээ уг уран бүтээлд үлдсэн байсан" гэж Үндэсний галерейн төлөөлөгч мэдээлсэн байна. Судлаачид уг нээлтийг макро рентген туяаны төхөөрөмж ашиглан хийсэн аж.


Леонардо да Винчи 1452 онд Флоренц хотод залуу хуульч болон тариачин гэр бүлээс гаралтай өсвөр насны охины нууц хүү болон мэндэлж байжээ. Тэрбээр 20 настайгаасаа зураачаар ажиллаж эхэлсэн бөгөөд дэлхийн уран зургийн гайхамшиг гэгддэг “Сүүлчийн оройн зоог”, “Мона Лиза” зэрэг уран бүтээлийг туурвисан билээ. 


Ташрамд дурдахад, дэлхийн хамгийн алдартай уран бүтээлчдийн нэгд зүй ёсоор тооцогддог Леонардо Да Винчигийн таалал төгссөний 500 жилийн ой энэ оны эхээр тохиож, Их Британийн 12 музей түүний уран бүтээлүүдээр үзэсгэлэн гаргасан юм.



Холбоотой мэдээ