Эрдэмтэд Монгол хэлний цахим сан бүрдүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
192@montsame.mn
2019-08-15 14:29:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд “Монгол хэлтэн ард түмний нэр томьёог жигдлэх, нэгдсэн сан үүсгэх нь” сэдвээр олон улсын эрдэм шинжилгээний хурал болж байна.

 

ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Монгол Судлалын төв, Токиогийн Гадаад судлалын Их сургуулиас зохион байгуулж буй хурлаар Монгол, Япон, БНХАУ, ОХУ-ын эрдэмтэн судлаачид монгол хэлтэн ард түмний дундын хэл Монгол хэл, бичгийг ойр дөхөм байдлаар нэгтгэн жигдлэх талаар хэлэлцэж байна.

Энэ талаар ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Ц.Батдоржоос тодруулвал, “Монгол хэл нь манай улсаас гадна БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын Буриад улсад мөн албан ёсны хэл гэгдэж байгаа. Гэхдээ шинжлэх ухаан, анагаах, биологи гээд мэргэжлийн салбарын нарийн үг хэллэгт монгол хэлийг жигд бус хэрэглэж байна. Энэ бүхнийг жигдрүүлж бичиж, ойлгуулах, нэг утга санаагаар уншиж хэрэглэхэд дөхөм, хялбар болгох талаар 4 орны эрдэмтэд хэлэлцэж байна” гэв. 


Эхний ээлжинд Монгол хэлний олон улсын нэгдсэн цахим хуудас нээж, улмаар цахим сан бүрдүүлж буйг тэрээр онцоллоо. Энэ нь Монгол хэлтэн ард түмний нэр томьёог жигдлэх, орон орны Монгол хэлний мэргэжилтэн, эрдэмтэн судлаачдыг холбох, харилцаа тогтооход нь тус нэмэр болно гэдгийг хуралд оролцогчид тэмдэглэж байна.

 

Өнөөдрийн хуралд Токиогийн Гадаад судлалын Их сургуулийн профессор Токусу Күрэбито “Монгол хэл шинжлэлийн нэр томьёоны зөрөөг багасгахын ач холбогдол”, МУБИС-ийн Монгол судлалын төвийн захирал, доктор Ц.Өнөрбаян “Монгол хэл шинжлэлийн нэр томьёоны харьцуулсан ажиглалт” сэдвээр, ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын монгол, төвөд, будда судлалын хүрээлэнгийн доктор Г.А.Дырхеева “Орчин үеийн Монгол хэлний нэр томьёоны хэрэглээ” сэдвээр илтгэл тавив.




Хурал хоёр өдөр үргэлжлэх бөгөөд маргааш эрдэмтэд боловсрол, анагаах ухаан, ХАА, байгалийн ухааны салбарын нэр томьёоны талаар төрөлжсөн илтгэл хэлэлцүүлнэ.

Тухайлбал, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөдөө аж ахуйн их сургуулийн Мал эмнэлгийн сургуулийн профессор Хассүрэн “МАА, мал эмнэлгийн нэр томьёог нэгтгэх үзэл”, БНХАУ-ын Улаанхад дээд сургуулийн багш, доктор, дэд профессор Хастуяа “Монгол, Хятад улсын монгол нэр томьёоны зөрөө, түүнийг жигдлэх” сэдвээр, ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын хүрээлэнгийн доктор Ю.Д.Абаева, Е.В.Сундуева нар Монгол хэлний үндсэн язгуур нэр томьёоны талаар илтгэл тавина.

 Б.Болд

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ