Путин терроризмтой тэмцэх Үндэсний гвардыг байгууллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-04-06 09:50:02

МОСКВА. /TASS/. ОХУ-ын хууль сахиулах байгууллагуудын тогтолцоонд сүүлийн 10 жилийн хугацаан дахь хамгийн томоохон маш чухал өөрчлөлтийг хийлээ. 2004 оны гуравдугаар сард байгуулагдсан Цагаачлалын алба болон 2003 оны гуравдугаар сард байгуулсан Мансууруулах бодисын эргэлтэд хяналт тавих албыг ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар татан буулгаж, гүйцэтгэх үүргийг нь тус улсын Дотоод хэргийн яаманд шилжүүлэн өгсөн байна. Үүний зэрэгцээ Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Дотоод хэргийн яамны баазад тулгуурлан ОХУ-ын Үндэсний гвардын цэргийн албыг шинээр байгуулжээ.

Шинэ албыг терроризмтой болон зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор байгуулсан байна.

Үндэсний гвардыг байгуулж байгаа тухайгаа ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Дотоодын цэргийн ерөнхий командлагч В.Золотов, Дотоод хэргийн сайд В.Колокольцев, Мансууруулах бодисын эргэлтэд хяналт тавих албаны дарга В.Иванов болон Цагаачлалын албаны орлогч дарга О.Егороватай уулзахдаа мэдэгджээ. “Шийдвэр гарсан. Бид гүйцэтгэх засаглалын шинэ байгууллагыг байгуулна. Дотоод хэргийн яамны Дотоодын цэргийн баазад тулгуурлан терроризм болон зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх Үндэсний гвардыг байгуулж байна” гэж Путин хэлжээ.

 

Д.Жаргал

Холбоотой мэдээ