“Brexit”-ийн нөхцөлийн тухай гэрээг өөрчлөх асуудлыг хэлэлцэхэд бэлэн байна

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2019-08-13 14:37:09

ЛОНДОН. /TASS/. "Brexit"-ийн нөхцөлийн талаарх гэрээний зарим заалтыг өөрчлөх асуудлаар Европын холбоотой  /ЕХ/ хэлэлцээ хийхэд бэлэн байна гэж Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон Бельгийн Засгийн газрын тэргүүн Шарль Мишельтэй утсаар ярихдаа мэдэгджээ.


Их Британийн Ерөнхий сайдын хэвлэлийн албанаас мэдээлснээр, Б.Жонсон “аюулгүй байдал, худалдаа, терроризмтой тэмцэх зэрэг гол салбаруудад хоёр улсын харилцааг бэхжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна”. Их Британийг ЕХ-ны бүрэлдэхүүнээс гаргах асуудлын тухайд тэрбээр хэлэхдээ, "Brexit"-ийн нөхцөлийн талаар байгуулсан гэрээнээс парламент гурван ч удаа татгалзсан тул өөрчлөх ёстой гэжээ. Brexit-ийн шилжилтийн үеэс хойш Умард Ирландыг ЕХ-ны гаалийн холбооны бүрэлдэхүүнд болон Европын нэгдсэн зах зээлд оролцуулах тухай заалтыг өөрчлөх асуудлаар Их Британи шударга хэлэлцээ хийхэд бэлэн байна гэдгийг тэрбээр дахин мэдэгдсэн байна. Гэвч ЕХ уг гэрээнд өөрчлөлт оруулах боломжгүй гэж мэдэгдсээр байвал бид гэрээ байгуулахгүйгээр 10 дугаар сарын 31-нд ЕХ-ноос гарахаас өөр аргагүйд хүрнэ гэж Их Британийн Ерөнхий сайдын хэвлэлийн нарийн бичгийн дарга хэлжээ.


ЕХ-ноос гарсны дараа иргэдийн эрхийг сахин мөрдөх асуудлыг шийдэхэд Брюссель бүтээлчээр хандаж байгаад Б.Жонсон Бельгийн Ерөнхий сайдад талархлаа илэрхийлсэн байна. “Их Британид одоо ажиллаж, амьдарч байгаа Бельгийн иргэдийг оруулаад ЕХ-ны улсын 3.2 сая иргэний эрхийг нөхцөл байдлаас үл хамааран хамгаалах болно гэдгээ Б.Жонсон дахин нотолсон” гэж тус улсын Засгийн газрын тамгын газар онцлон тэмдэглэсэн байна.


Их Британи ЕХ-ны бүрэлдэхүүнээс гарах тухайгаа бичгээр мэдэгдсэнээс хоёр жилийн дараа буюу 2019 оны гуравдугаар сарын 29-нд тус холбооноос гарах ёстой байсан юм. Гэвч тус улсын парламентын Нийтийн танхимын депутатууд Брюссель болон Тереза Мэйн Засгийн газрын хооронд байгуулсан “Brexit”-ийн нөхцөлийн талаарх гэрээг гурван ч удаа хэлэлцсэн хэдий ч батлаагүй билээ. Үүнтэй холбоотойгоор ЕХ “Brexit”-ийг эхлээд 4-5 тавдугаар сард, дараа нь 10 дугаар сарын 31-нд болгож хойшлуулахыг зөвшөөрсөн бол Тереза Мэй уг гэрээг мухардлаас гаргаж чадаагүйтэй холбоотойгоор огцрохоос аргагүйд хүрсэн юм.


Холбоотой мэдээ