“Гол” нэгдсэн үйл ажиллагаанд 470 иргэн хамрагджээ

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2019-08-14 15:11:39

Ховд /МОНЦАМЭ/. Буянт голын ай сав  дагуу зусаж буй айл өрх, иргэдэд болзошгүй үер, усны ослоос урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэх зорилгоор Ховд аймгийн Онцгой байдлын газар \ОБГ\-аас "Гол" нэгдсэн үйл ажиллагаа зохион байгууллаа. 

Гол дагуу зусаж байгаа 140 гаруй айл өрхийн 470 иргэнтэй  уулзаж,  цаг агаарын төлөв байдал,  үер, усны аюулын талаар цаг үеийн  мэдээлэл өгч,  сэрэмжлүүлэг хуудас, гарын авлага тараасан байна.

Одоогийн байдлаар Буянт голын усны түвшин 336 см буюу олон жилийн дундаж түвшнээс  22 см-ээр,  Ховд голын усны түвшин 221 см буюу үерийн түвшнээс 21 см‑ээр тус тус даваад буй.

Иймд дээрхи голын дагуу суурьшиж, зусаж байгаа айл өрх, аялал зугаалгаар амарч буй иргэд бага насны хүүхдээ хараа хяналтгүйгээр голын эрэг дагуу тоглуулахгүй байж, үер усны гэнэтийн аюулаас сэрэмжтэй байхыг мэргэжлийн байгууллагууд анхааруулав.





Холбоотой мэдээ