Монголоос Европын чиглэлд галт тэрэгний тасалбар авах боломжтой боллоо

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2019-08-13 10:55:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ болон Европын орнууд руу аялж зорчих иргэд тухайн чиглэлийн галт тэрэгний тасалбараа дотоодоосоо буюу УБТЗ-ын тасалбар худалдаалах төвөөс худалдан авах боломжтой болж байна.

Энэ талаар УБТЗ-ын Зорчигч тээврийн албанаас мэдээлж байна. Тодруулбал, галт тэрэгний тасалбараа ОХУ-ын орон нутгийн бүх чиглэлд болон мөн Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн (ТУХН) улсууд, түүнчлэн Европын орнууд, БНХАУ-ын зарим хот руу аялж зорчихдоо галт тэрэгний ирэх, буцах тасалбарыг УБТЗ-ын Зорчигч тээврийн Тасалбарын төвөөс шууд захиалж болон биечлэн худалдан авдаг болж байна.


УБТЗ ХНН энэ онд интернетээр галт тэрэгний тасалбар худалдаах ажлыг эрчимжүүлж, банкны системтэй харилцах тоног төхөөрөмжүүд, серверийн хүчин чадлаа нэмэгдүүлж, интернет худалдаалалтаа шинэчлэн боловсруулж хэрэглэгчдэд хүртээмжтэй үйлчлэхийг зорьж байна. Орчин үеийн технологид тулгуурласан үйлчилгээг бий болгосноор үйлчлүүлэгчдийн цаг завыг хэмнэж, ухаалаг утасны тусламжтайгаар бэлэн бусаар төлбөрөө хийж галт тэргэнд шууд суун аялах боломжийг бүрдүүлснээр интернетэээр тасалбар авч зорчих зорчигчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 4-5 дахин өссөн талаар УБТЗ-ын Зорчигч тээврийн албанаас мэдээллээ. 

Холбоотой мэдээ