Хонконгийн нисэх онгоцны буудалд эсэргүүцлийн ажиллагаа болж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-08-09 16:14:46

ХОНКОНГ /СЯНГАН/. /TASS/. Хонконгийн засгийн газрыг эсэргүүцэгч олон зуун хүн баасан гарагт тус хотын олон улсын нисэх буудлын зорчигч хүлээн авах танхимд эсэргүүцлийн суулт хийж эхэлжээ. Эсэргүүцлийн ажиллагаа гурав хоног үргэлжилнэ гэж тус хотын телевиз мэдээлсэн байна.


Цугласан олон уриа лоозон барин хашхирцгаан, Хонконгийн хямралын нөхцөл байдлын талаарх мэдээлэл бүхий хуудсуудыг зорчигчдод тарааж байгаа аж. Тэд хар өнгийн ханцуйгүй цамц өмсцгөөсөн байна. Эсэргүүцлийн ажиллагаанд оролцогсод эвдэн сүйтгэх ажиллагаа явуулахгүй, нисэх буудлын үйл ажиллагаанд саад учруулахгүй, мөн эсэргүүцлийн ажиллагааг зохицуулахын тулд тусгайлан гаргасан жагсаалтад заасан журмыг даган мөрдөнө гэж амлажээ. 


Энэ өдрүүдэд Хонконгийн олон улсын нисэх буудал хэвийн ажиллах бөгөөд аюулгүй байдлыг чангатгах арга хэмжээ авсан гэж буудлын захиргаанаас мэдээлжээ. Өмнө нь долдугаар сарын 26-нд болсон ийм эсэргүүцлийн цуглаанд 15 мянган хүн оролцсон байна.


Холбоотой мэдээ