БААВГАЙ ба ЛУУ vs НАТО

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2019-08-09 17:28:55

Орос, Хятад хоёр улам ойртон нягтарсаар. Сүүлийн өдрүүдэд хоёр орны алсын зайн нисэх онгоцууд түүхэнд анх удаагаа хамтарсан эргүүл хийлээ. Стратегийн бөмбөгдөгч ТУ-95МС ба Н-6К нисэх онгоцууд Япон тэнгис болон Дорнод Хятадын тэнгис дээгүүр хамтдаа ниссэн байна. Энэ үйл явдлын өмнөхөн Ерөнхий сайд Дмитрий Медведев хоёр орны цэргийн хамтын ажиллагааны асуудлаар хэлэлцээ хийх тухай захирамж гаргажээ. Бээжин, Москва хоёр НАТО-г сөрөн зогсч чадахуйц цэргийн холбоо байгуулах гэж байгаа талаар барууны хэвлэлүүдэд таамаглан бичиж байна. Цэргийн эвслийн талаар ярихад одоохондоо эрт байгаа боловч РИА Новости агентлагийн сэтгүүлч Андрей Коц уг "эвслийн" цэргийн хүчин чадлыг НАТО-гийнхтой харьцуулан үнэлэхийг оролджээ.   


Танк ба их буу


Онолын хувьд, Хятад-Оросын "цэргийн эвсэл" нь НАТО-г сөрөн зогсох хамгийн төгс хувилбар байх болно. Евразийн нутаг дэвсгэрийн ихээхэн хэсгийг эзлэн орших тус хоёр улс асар их хүний нөөц ба байгалийн баялагтай билээ. Хоёр улсын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний тоо нийлээд 3 саяас давах ба энэ нь НАТО-гийнхоос арай цөөн гэсэн үг.


Цөмийн цэнэгт хошууны тооны хувьд НАТО-той үндсэндээ тэнцүү. Манай гараг дээрх цөмийн зэвсгийн нөөцийн ихэнх нь АНУ, ОХУ хоёрт ногддог. Стратегийн цөмийн зэвсгийн нөөцөө хамгийн бага хангалттай түвшинд байлгана гэж Хятад улс нэг бус удаа мэдэгдэж байсан бөгөөд тус улсын цөмийн цэнэгт хошууны тоо нууц байдаг. Гэхдээ шинжээчдийн тооцоолсноор, Хятадад 270-аас доошгүй тооны цөмийн цэнэгт хошуу бий бололтой. 


Хуурай замын цэргийн гол цохилтын хүч болох танкийн тоогоор Орос, Хятад хоёр Умард Атлантын эвслээс нэлээд давамгайлдаг. Агуулахад хадгалагдаж буй хуягт техникийн тоогоор Орос-Хятадын “цэргийн эвсэл” /26 мянган нэгж/ НАТО-гоос /15 мянга/ илт илүү. Дашрамд дурдахад, НАТО-гийн гишүүн 29 улсын 8-д нь хуягт-танкийн анги нэгтгэл огт байдаггүй.

 

“Дайны бурхан” гэгддэг артиллерийн зэвсэглэлээр Орос, Хятад хоёр мөн л давуу. Хоёр улсын зэвсэглэлд 28-30 мянган нэгж гаубиц, их буу, миномет, зэрэг галлах тийрэлтэт систем бий. Нөөцийн хувьд бүр ч давуу. Зөвхөн Орост гэхэд агуулахад 22,5 мянган нэгж артиллерийн зэвсэг хадгалагдаж байгаа бол НАТО-гийн арми 25 мянган нэгж артиллерийн зэвсэгтэй.


Ази тив дэх амбиц


Харин АНУ маш хүчирхэг Тэнгисийн цэргийн хүчинтэй учраас далай тэнгист НАТО-гийн эвсэл нь Орос, Хятадаас давамгайлна.  Тус эвслийн тэнгисийн цэргийн флот 2200 гаруй байлдааны хөлөг онгоц, шумбагч онгоц, хангамжийн ба эргийн хамгаалалтын хөлөг онгоцуудаас бүрддэг. Пуужинт крейсер хөлөг онгоц ба нисэх онгоц тээгч хөлөг онгоцны тоогоор НАТО-гийнхан үнэмлэхүй давуу. Харин Орос, Хятадын флотууд нийлээд 900 гаруй хөлөг онгоцтой. Дэлхий дээрх шумбагч хөлөг онгоцны хамгийн том флот бүхий АНУ 68 шумбагч онгоцтой бол Орост 64, Хятадад 68 бий.


Түүнчлэн НАТО-гийн эвсэл дэлхий дээр хамгийн хүчирхэг агаарын цэргийн хүчний флоттой бөгөөд 20 500 нэгж нисэх онгоц, нисдэг тэрэг ба конвертоплантай. Конвертоплан гэдэг нь газраас хөөрөхдөө нисдэг тэрэгтэй адил, хөөрсөн хойноо онгоцтой адил зарчмаар нисдэг өвөрмөц агаарын тээврийн хэрэгсэл юм. Эвслийн гол гишүүн болох АНУ-ын зэвсэгт хүчин 14 мянган нисэх онгоц ба нисдэг аппараттай бол Орос, Хятад хоёр нийлээд 6500 нисэх онгоц ба нисдэг тэрэгтэй.   


Хятадын Ардын чөлөөлөх арми /ХАЧА/ нь 925 мянган албан хаагч бүхий хүчирхэг хуурай замын цэргийн хүчинтэй ба байлдах чадвартай дивиз ба бригадууд нь дайны цагийн үеийн бие бүрэлдэхүүн, орчин үеийн зэвсэг техниктэй. Тухайлбал, 2017 онд VT-4 гэдэг танкийг бөөнөөр үйлдвэрлэж эхэлсэн ба уг танкийг 3  ба 4 дүгээр үеийн танкуудын завсрын үеийнх гэж мэргэжилтнүүд үздэг.  Харин 4 дүгээр үеийн танк гэдэгт “Армата” суурь бүхий Оросын Т-14 танк хамаарна.

Хятадын Тэнгисийн цэргийн хүчин маш хурдан шинэчлэгдэж байгаа нь шинжээчдийг гайхшруулж байна. 10-хан жилийн хугацаанд  Хятад улс бүхий л төрөл загварын хөлөг онгоцууд ба шумбагч онгоцууд барих хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлж чадлаа. Зэвсэгт хүчний аялан байлдах боломж өссөн нь илүүтэй анхаарал татаж байна. Олон тооны цэргийг зэвсэг техниктэй нь хамт алсын зайд зөөвөрлөж чадах хөлөг онгоцуудыг үйлдвэрлэхэд онцгой анхаарч байгаа ажээ. 


Орос, Хятад хоёр цэргийн салбарт бие биенийгээ маш сайн нөхөж чадахаар харагдаж байна. Хоёр улсын эвсэл холбоо нь ирээдүйн олон туйлт тогтолцоон дахь хүчний шинэ төв болж чадах юм. Гэхдээ одоохондоо цэргийн эвслийн талаар яригдаагүй байгаа боловч ойртон нягтрах чиглэл тодорхой болжээ.


Барууны эсрэг


Цэргийн хамтын ажиллагааны асуудлаар хэлэлцээ хийх саналыг Оросын Батлан хамгаалах яам гаргаж, хэлэлцээний дүнгийн баримт бичгийн агуулгын талаар ГХЯ-тай зөвлөлдсөн байна. Харин хэлэлцээ хаана, хэзээ болох талаар мэдээлсэнгүй. Гэхдээ хэлэлцээ болно гэдэгт эргэлзэх хэрэггүй.


Ерөнхий сайдын захирамж нийтлэгдсэний дараа өдөр нь Орос, Хятадын алсын бөмбөгдөгч онгоцууд хамтран эргүүл хийсэн нь санаандгүйгээр давхацсан үйл явдал биш болов уу. Хятадын Батлан хамгаалах яамны төлөөлөгч, ахлах хурандаа У Цян-ы мэдэгдсэнээр бол, ОХУ ба БНХАУ хамтарсан ажиллагаагаа үргэлжлүүлэхээр тохиролцжээ. 


Сануулан дурдахад, 2017 оны 6 дугаар сард Астанад болсон ШХАБ-ын Дээд хэмжээний уулзалтын явцад Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Хятадын Батлан хамгаалахын сайд Чан Ваньцюань-тай уулзах үеэрээ 2017-2020 онд цэргийн салбарт хамтран ажиллах “замын зураглал”-д гарын үсэг зурахыг санал болгосон юм. Тухайн үед хоёр тал цэргийн салбарт хамтран ажиллаж эхэлснээс хойш 12 жил болж байлаа. 2005 онд Орос, Хятад хоёр улс Шандуны хойг ба Владивостокт хамтарсан цэргийн сургуулилт хийж, түүнд 10 мянга гаруй цэрэг, офицер оролцож байв. Эл сургуулилтыг одоо жил бүр зохион байгуулж байна. Хятад улс Олон улсын армийн тоглолтод байнга оролцдог боллоо.

“Орос, Хятад хоёр цэргийн салбарт илүү гүнзгий хамтран ажиллаж байна. Энэ хамтын ажиллагаа нь эдийн засгийн бат бэх хамтын ажиллагаа, хоёр талын оролцож буй дэлхийн хэмжээний том төслүүд дээр тогтдог. АНУ-ын зүгээс бусад улсад түрэмгий хандлага гаргаж байгааг Москва, Бээжин хоёр харж байна. Энэ нь Вашингтоны хувьд дэлхийд манлайлагчийн үүрэг ролио алдаж буйтай холбоотой. Америкчууд болон тэдний Европ дахь холбоотнууд нь Орос, Хятад хоёрт дарамт шахалт үзүүлж байна. АНУ-ыг тогтоон барих хэрэгтэй. Нэгдэх боломж байсаар атал ганц нэгээрээ үүнийг хийх шаардлагагүй” гэж Г.В.Плехановын нэрэмжит Оросын Эдийн засгийн их сургуулийн доцент, “Оросын офицерууд” зөвлөлийн гишүүн Александр Перенжиев ярьж байна.


Өнгөрсөн онд ХАЧА-ийн цэргийн албан хаагчид “Восток-2018” хээрийн сургуулилтад оролцсон билээ. Түүнээс гадна, гадаадын орнуудаас хамгийн түрүүнд Хятад улс Оросод үйлдвэрлэсэн С-400 "Триумф" зенитийн пуужингийн систем ба олон зориулалттай Су-35 сөнөөгч онгоцыг худалдан авсан юм. Хоёр улсын зэвсэгт хүчнүүдийн хамтын ажиллагаа нь түүхэнд байгаагүйгээр өргөжин тэлж байгаа гэдгийг итгэлтэйгээр хэлэх байна.


Орчуулсан Б.Адъяахүү

Эх сурвалж: https://ria.ru/20190802/1557070624.html?fbclid=IwAR0QqCoxwo_apEZQhFMozKAjc3xWnQE01pTRLY2NpVCgZzybwQvkewLF0T0

 

 

Холбоотой мэдээ