Худалдааны гол түншүүдээс Япон улсыг хасах үйл явцыг түр зогсоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-08-09 11:01:07

СӨҮЛ. /KBS/. Худалдааны гол түншүүдийн жагсаалтаас Японыг хасах хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх үйл явцаа БНСУ-ын Засгийн газар түр зогсоожээ.


Гурван төрлийн өндөр технологийн түүхий материалын нэг болох фоторезистийг БНСУ-д нийлүүлэхийг Японы тал зөвшөөрсөнтэй холбоотойгоор энэ шийдвэрийг гаргажээ. Эдгээр материалын нийлүүлэлтэд Японы эрх баригчид өмнө нь хязгаарлалт тогтоогоод байсан юм.


Өндөр технологийн материалын нийлүүлэлтэд тавих хяналтыг чангатгасны хариуд худалдааны гол түнш улсуудынхаа жагсаалтаас Японыг хасахаа БНСУ хатуу сануулсан юм. Фоторезист материалыг “Samsung Electronics” компанийн хүсэлтээр нийлүүлжээ. Энэ материалыг “Samsung Electronics” компани Кёнгидо муж дахь Хуасон хотын үйлдвэрт ашигладаг байна.


Японы Засгийн газар долдугаар сарын 1-нд хагас дамжуулагч болон янз бүрийн төхөөрөмжийн дэлгэц үйлдвэрлэхэд зайлшгүй шаардагддаг гурван төрлийн материалын экспортод тавьдаг хяналтаа чангатгасан. Японы тал эдгээр материалын заримыг нь Өмнөд Солонгосоос БНАСАУ-д нийлүүлсэн байж магадгүй гэж сэжиглэж байгаа юм.


Наноматериалууд болон өндөр технологийн бүрэлдэхүүн хэсгүүдийг хөнгөлөлттэй нөхцөлөөр, хялбаршуулсан журмын дагуу нийлүүлдэг орнуудын жагсаалтаас БНСУ-ыг хасах шийдвэрийг Японы Засгийн газар энэ сарын 2-нд гаргасан бөгөөд энэ шийдвэр нь 8 дугаар сарын 28-нд хүчин төгөлдөр болох юм. Үүнтэй холбоотойгоор БНСУ-ын эрх баригчид хариу хязгаарлалтын арга хэмжээ авч, тагнуулын мэдээлэл солилцох тухай Япон улстай байгуулсан хэлэлцээрээ эргэн харахаа мэдэгдсэн юм.


Японы авч хэрэгжүүлсэн алхам нь БНСУ-ын эрх баригчид төдийгүй тус улсын ард иргэдийн дургүйцлийг төрүүлжээ. Орон нутгийн оршин суугчид аялал жуулчлалын шугамаар Япон улсад зорчихыг татгалзах, тус улсын бараа бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байхыг уриалсан юм.

 

Холбоотой мэдээ