Ард Санхүүгийн Нэгдэл ХК хувьцаагаа арилжиж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nandintsetseg@montsame.gov.mn
2019-08-08 17:38:29
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Ард санхүүгийн нэгдэл" компани өнөөдрөөс Монголын хөрөнгийн биржээр хувьцаагаа арилжаалж эхэллээ.

Арилжааг нээж цан цохих ёслолд СЗХ-ны дэд дарга Д.Баярсайхан, МХБ-ийн Захиргаа, Санхүүгийн газрын захирал Н.Дөл-Эрдэнэ, “Ард санхүүгийн нэгдэл” ХК-ийн ТУЗ-ийн дарга П.Батбаяр, “Ард Санхүүгийн Нэгдэл” ХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг нар оролцлоо.

Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрээр "Ард санхүүгийн нэгдэл" хаалттай хувьцаат компани Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй "Жинст Увс" ХК-тай нэгдэж, "Ард санхүүгийн нэгдэл" нээлттэй хувьцаат компани болон ажиллаж эхэлсэн. Ийнхүү нээлттэй компани болсноор Хөрөнгө Оруулагч Үндэстэн хөдөлгөөний ажил идэвхижиж, иргэн бүр хувьцаа эзэмших боломжтой болж байгаа юм. Санхүү ба технологийн компаниудад хөрөнгө оруулж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар, үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийг өсгөдөг уг нэгдэл 4000 гаруй хувьцаа эзэмшигчтэй бөгөөд 20 орчим компанид хөрөнгө оруулжээ.  

СЗХ-ны дэд дарга Д.Баярсайхан “Сүүлийн жилүүдэд Монголын хөрөнгийн зах зээл идэвхжиж, 2017 оноос хойш 11 компани IPO хийжээ. Одоо бид урт хугацааны хөрөнгө оруулагчдыг бий болгоход анхаарч байна. Иргэдийн санхүүгийн боловсролыг сайжруулах, хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татах зэрэг олон ашигтай боломжийг олгож байгаа "Ард санхүүгийн нэгдэл"-д зохицуулагч байгууллагын өмнөөс талархал илэрхийлье” хэмээв.


"Ард санхүүгийн нэгдэл" ХК-ний Гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг “Өргөн хэрэглээний барааг зах зээлийн үнээс хямдаар худаалж байгаа ardshop.mn ч удахгүй Хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжиж эхлэнэ гэдэгт итгэлтэй байна. "Ард санхүүгийн нэгдэл" бүс нутагтаа хүрээгээ тэлж, шинэ технологийг нэвтрүүлэх ажилдаа ханцуй шамлан орсон. Монголчууд газрын хэвлийн баялагтаа эзэн суух цаг болсон. Тиймээс Үндэсний хувьчлалын сан байгуулж “Оюу Толгой” компанийн хувьцааг цууглуулах уриалга гаргаж байгаагаа өнөөдөр онцолмоор байна” гэлээ.

"Ард санхүүгийн нэгдэл"-ийн хувьцааг Монголын хөрөнгийн бирж дээр AARD гэсэн таних тэмдэгтэйгээр арилжих юм.

Холбоотой мэдээ