Малчдад 1,6 тэрбум төгрөгийн өвс тэжээлийн тусламж үзүүлээд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2016-04-05 17:00:00

Увс аймагт энэ жил өвөлжилт хүндэрч, хатуухан хавар болж байна. Аймгийн 19 сумын 16 нь зудын байдалтай байгаа юм. Одоогийн байдлаар 110 мянган боодол өвсийг үнэгүй, 2200 тонн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр малчиддаа өгөөд байна.

Өнгөрсөн зун хур бороо бага орсон тул хадлан тэжээл тааруу гарсан. Гэвч хатуухан жил болж мэднэ хэмээн малчид хаширлаж, урд өмнөх жилүүдээс 2-3 дахин их өвс нөөцлөж авсан боловч дахиад ч хэрэгтэй байна.

Аймгийн ЗДТГ-аас удаа дараа сануулж анхааруулсны дагуу сумд тодорхой хэмжээний өвс тэжээл нөөцлөж авсныгаа энэ оны 1-р сарын 20-оос, 2-р сарын 15-аас, 3-р сарын 1-ээс гэх мэтээр хуваарь гаргаж, малчиддаа хүргүүлсэн байна. Тодруулбал 460.2 сая төгрөгийн үнэтэй 110 мянган боодол өвсийг үнэгүй, 700 гаруй сая төгрөгийн үнэ бүхий 2200 тонн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр малчдад өгсөн аж.

Улсын нөөц болон Говь-Алтай, Баян-Өлгий аймгуудаас өвс татаж авахад 366.3 сая төгрөг, иргэд аж ахуйн нэгжүүдээс нэмж өвс тэжээл худалдан авахад 42.2 сая төгрөг, сумдад өвс тэжээл хүргэх зардалд 65.6 сая төгрөг зарцуулсан  байна. Мөн 12 сум Орон нутгийн хөгжлийн сангаасаа мөнгө төсөвлөж нийтдээ 120 сая төгрөгийн 450 тонн тэжээлийг нэмж авчээ. Эдгээрийг нийлүүлж мөнгөн дүнгээр тооцвол Увс аймаг 1.6 тэрбум төгрөгийг улс, аймаг, сумынхаа нөөц боломжийг дайчлан гаргаж, малчиддаа тусламж үзүүлжээ. Үүнээс гадна Улаан Загалмайн хороо, “Ногоон алт” төсөл болон аймгийн хэлтэс, агентлагууд санаачлага гаргаж малчдад өвс тэжээл болон хүнсний дэмжлэг үзүүлсэн байна.

Увс аймгийн хэмжээнд одоогоор 120 гаруй мянган мал хорогдоод байна. Энэ нь нийт малын 4.4 орчим хувь аж.

Увс аймаг Б.Батхүү

 

Холбоотой мэдээ