Халиун сумын баяр наадамд аймгийн арслан Б.Отгонбаатар түрүүлэв

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2019-08-07 12:29:22

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Халиун сумын түүхт 60 жилийн ойн баяр наадамд улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөх зодоглосноос Халиун сумын харьяат Алдар спорт хороо, Хантайшир дэвжээний бөх аймгийн арслан Б.Отгонбаатар түрүүллээ. 

Харин Ховд аймгийн Буянт сумын харьяат "Од" групп, Их Монгол сан, Зорчигч тээврийн нэгдэл ТӨХК, Ховд дэвжээний бөх Монгол Улсын харцага О.Хангай үзүүрлэж Говь-Алтай аймгийн Цээл сумын харьяат Хилийн цэргийн-0208 дугаар анги "Хилчин" спорт хороо, "Алтай Констракшн" ХХК, Хантайшир дэвжээний бөх Монгол Улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, Архангай аймгийн Чулуут сумын харьяат Алдар спорт хороо, "Бурхан буудай" групп, "Бөхбилэгт" дэвжээний бөх Монгол Улсын начин Б.Амарзаяа нар шөвгийн дөрөвт шалгарчээ.

Уг баяр наадамд улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Б.Соронзонболд, улсын харцага О.Хангай улсын өсөх идэр начин Ч.Батчулуун, улсын начин Л.Гантулга, С.Багахүү, Б.Амарзаяа, Б.Хишигбаатар нарын тэргүүтэй хүчит бөхчүүд зодоглосон байна. 

Сонирхуулахад, Халиун сумын 50-н жилийн ойд, Говь-Алтай аймгийн Цээл сумын харьяат Монгол Улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ начин цолтой байхдаа түрүүлж, Бугат сумын харьяат Монгол Улсын начин Ду.Батбаяр үзүүрлэж, шөвгийн дөрөвт Чандмань сумын харьяат Монгол улсын гарьд Н.Ганбаатар, Эрдэнэ сумын харьяат Монгол Улсын заан Б.Соронзонболд нар шалгаран үлдэж байжээ. 

Холбоотой мэдээ