ОУСС дээр ер бусын туршилт хийнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2019-08-06 16:31:45

ПАРИС. /TASS/. Олон улсын сансрын станц дээр /ОУСС/ ажиллаж буй сансрын нисэгчид солир, Сар болон Ангараг гарагийн чулуулгуудаас шаардлагатай элементүүдийг нян бактериудын тусламжтайгаар гаргаж авах ер бусын туршилт хийх гэж байна.


Францын нийслэл Парис хотод төвтэй Европын сансрын агентлагийн /ЕСА/ мэдээлснээр, Их Британийн Эдинбургийн их сургуулийн эрдэмтдийн бүтээсэн төхөөрөмжийг долдугаар сарын 30-нд ОУСС дээр амжилттай угсарсан бөгөөд удахгүй ашиглаж эхэлнэ.


“Сансарт ашигт малтмал олборлох нь сансрын нисэгчдэд сансрын орон зайд удаан хугацаагаар байх боломж олгохын зэрэгцээгээр тэднийг эрдэс бодис, металл, хүчилтөрөгч, ус болон түлшээр хангана” гэж ЕСА мэдээлжээ. “Санхүүгийн болон экологийн хувьд ийм материалыг Дэлхийгээс сансарт хүргэх нь үнэтэй тусах учир үүний оронд сансрын нисэгчид сансарт байгаа зүйлүүдийг ашиглах боломжтой” гэж тус агентлаг онцолсон байна.


Ер бусын туршилт

Сансрын нисэгчид одоо туршилтынхаа явцад гурван өөр төрлийн нян бактери хэрхэн амжилттай үүсэж байгааг тодорхойлох ёстой бөгөөд жингүйдлийн нөхцөлд  “biofilm” /ямар ч гадаргуу дээр байдаг бие биетэйгээ холбоотой асар олон бичил биет/ гэж нэрлэдэг давхаргыг үүсгэх ёстой байна.


Компьютерын хулганаас хэтрэхгүй хэмжээтэй 18 саванд хийсэн нян бактериудын тусламжтайгаар ОУСС-ын бүхээгт загварчлан бий болгосон бичил таталцал нь сансрын чулуулгуудаас төмөр, кальци, магни зэрэг эрдэс бодисыг гаргаж авах нян бактерийн чадварт хэрхэн нөлөөлөхийг тодорхойлох ажээ. Үүнд Германы сансрын агентлагийн илгээсэн “B. subtilis”, Бельгийн цөмийн судалгааны төвөөс явуулсан SCK-CEN /Н/ болон Эдинбургийн их сургуулиас сансарт илгээсэн “S.desiccabilis” гэсэн гурван төрлийн нянг ашиглах юм.


Сансар огторгуйд эдгээр нянг дэлхий дээрх галт уулуудаас авсан хүрмэн чулуунуудад шилжүүлэх аж. Учир нь Сар болон Ангараг гарагийн хүрмэн чулуу нь дэлхийнхтэй ижил элементүүдээс бүрддэг байна. Тодорхой хугацааны дараа эдгээр дээжийг шинжлүүлэхээр дэлхий рүү буцаана.


Тойрог замын энэхүү туршилтыг Эдинбургийн их сургууль ЕСА болон Их Британийн сансрын агентлагтай хамтран хийж байгаа аж.


Холбоотой мэдээ