Ц.Элбэгдорж улс төрчдийг буруушаав

Дэлхийд | Улс төр
nyamtulga@montsame.mn
2016-04-05 13:41:46

БЭЭЖИН. /Xinhua/. Популист улс төрчдийн зүгээс уул уурхайн томоохон төслүүдийн хэрэгжилтэд саад учруулж, улмаар энэ нь далайд гарцгүй Монгол Улсын эдийн засгийг хямралд оруулж байна гэж тус улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж буруушаасан байна.

БНХАУ-ын “Shenhua Energy” компани, “Mongolian Mining” корпораци, Японы “Sumitomo” корпораци хамтарсан олон улсын консорциумтой байгуулсан уул уурхайн томоохон гэрээг зогсоогоод байгаа УИХ-ын ажлын хэсгийн дарга Л.Эрдэнэчимэгтэй холбогдуулан Монголын жил бүрийн эдийн засгийн форумын үеэр тэрбээр хэлэхдээ "Монголын улс төрчид үнэхээр хариуцлагагүй байна" гэж мэдэгджээ.

БНХАУ-тай залгаа Монголын хилээс 270 км зайд орших “Тавантолгой” нүүрсний ордыг ашиглах эрхийг тус консорциум 2014 оны 12 дугаар сард авсан билээ.

6.4 тэрбум тонн нөөцтэй “Тавантолгой” орд нь коксжих болон эрчим хүчний нүүрсний дэлхийн хамгийн том орд газруудын нэг юм.

Монголын эдийн засагт асар их хэмжээний орлого оруулж, гадаадын хөрөнгө оруулагчдад эерэг дохиог өгөх чухал гэрээ гэж Монголын Засгийн газар “Тавантолгой” ордын гэрээг үзэж байжээ. Гэвч 2015 онд УИХ-ын ажлын хэсэг уг төслийг хэрэгжиж эхлэхээс нь өмнө зогсоосон байна.

Ийм хариуцлагагүй улс төрчид хариуцлагаа хүлээж, УИХ-д дахин сонгогдох ёсгүй гэж Ц.Элбэгдорж мэдэгджээ. Мөн тэрбээр, УИХ-ын сонгууль ойртож байгаа энэ үед ийм улс төрчдийн заль мэхэнд хууртаж болохгүйг иргэдэд анхааруулсан байна.

Гадаадын хөрөнгө оруулагчидтай байгуулсан хөрөнгө оруулалтын хэлэлцээрүүдийг хянан үзэхийг байнга шаарддаг популист хууль тогтоогчид, улс төрчид "эх оронч болох гэж жүжиглэдэг" хэмээн Монголын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тэднийг буруушаагаад, бизнес эрхлэгчдийг хүндэтгэж, тэдэнд итгэл хүлээлгэх хэрэгтэй гэж мэдэгджээ.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ