АНУ-Монгол Улсын харилцаа стратегийн түншлэлийн түвшинд шилжлээ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2019-08-01 11:21:59

ВАШИНГТОН. /TASS/. АНУ болон Монгол Улсын харилцаа стратегийн түншлэлийн статус руу шилжсэнийг тус хоёр улс лхагва гарагт мэдэгдлээ.


"Хоёр улсын харилцаа Стратегийн түншлэлийн түвшинд хүрснийг АНУ болон Монгол Улс ийнхүү тунхаглан зарлаж байна" гэж тус хоёр улсын хамтарсан тунхаглалд дурдсаныг АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн алба уламжлав.


АНУ болон Монгол Улс нь терроризм, хүний наймаа, мансууруулах бодисын наймаа, үй олноор хөнөөх зэвсгийг дэлгэрүүлэхтэй болон кибер халдлагатай тэмцэх, мөн Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн үндэсний аюулгүй байдал болон тогтвортой байдлыг хангахад хамтын ажиллагаагаа хөгжүүлэх хүсэлтэй байгааг уг баримт бичигт онцлон тэмдэглэсэн байна. Түүнчлэн, худалдаа, хөрөнгө оруулалтыг өргөжүүлж, өндөр дээд түвшинд яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа талууд баримт бичигт тэмдэглэжээ.


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д айлчилж байгаа юм. Тэрбээр лхагва гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзжээ. Уулзалтын дараа Цагаан ордны хэвлэлийн албанаас мэдээлснээр, Дональд Трамп, Х.Баттулга нар “эдийн засаг болон аюулгүй байдлын салбар дахь нийтлэг ашиг сонирхлыг урагш ахиулахын тулд хоёр орны харилцааг гүнзгийрүүлэх”, мөн "Америкийн хөрөнгө оруулалтыг татах бизнесийн таатай орчныг бүрдүүлэх арга замаар” хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтыг хөгжүүлэх зэрэг асуудлуудыг хэлэлцсэн байна.


“Афганистан дахь олон улсын эвсэлд үнэтэй хувь нэмэр оруулах замаар дэлхийн аюулгүй байдлыг бэхжүүлэхэд гаргаж буй Монгол Улсын хүчин чармайлтыг Ерөнхийлөгч Трамп сайшаав. Тэрбээр мөн Монгол Улс шашны эрх чөлөөг даган баримталж байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөөд, Монголын Засгийн газар домогт өв соёлоо хадгалан авч үлдсэнийг өндрөөр үнэллээ” гэж Цагаан ордны хэвлэлийн албаны мэдээлэлд дурджээ.


Холбоотой мэдээ