Сальвадорын Ерөнхийлөгч асан Никарагуагийн иргэн болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-07-31 15:32:33

МАНАГУА. /TASS/. Никарагуа улсын эрх баригчид Сальвадорын Ерөнхийлөгч асан Маурисио Фунест улсынхаа иргэншлийг олгосон тухай "El Confidencial" сонин мягмар гарагт мэдээлжээ. Тэрбээр эх орондоо Сальвадорын Ерөнхий прокурор асан Луис Мартинест 935 мянга орчим ам.долларын авлига өгсөн хэрэгт буруутгагдсан юм.


"El Confidencial" сонинд мэдээлснээр, түүний эхнэр, хоёр хүүхэд нь мөн Никарагуа улсын иргэн болжээ. Никарагуа улс шүүлгэхийн тулд иргэдээ бусад оронд шилжүүлэн өгдөггүй байна. Сальвадорын эрх баригчид Фунесийг баривчлах зөвшөөрөл олгохыг өнгөрөгч хоёрдугаар сард Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллагаас /Интерпол/ хүсжээ. 


Маурисио Фунес Сальвадорын Ерөнхийлөгчийн албыг 2009-2014 онд хашиж байсан бөгөөд 2016 онд Никарагуад улс төрийн орогнол авсан байна. Өмнө нь түүний эсрэг хэд хэдэн хэрэг үүсгэжээ. Фунесийн засаг захиргаа 350 сая доллароор хэмжигдэх мөнгө угаасан, шамшигдуулсан хэрэгт холбоотой гэж Сальвадорын эрх баригчид үзэж байгаа аж. Тус улсын Ерөнхий прокурор Дуглас Мелендесийн үзэж буйгаар, Фунес “улсын хөрөнгө мөнгийг шамшигдуулах нарийн төвөгтэй сүлжээ” байгуулсан байна.


Сальвадорын Ерөнхий прокурорын газар Фунесийг баривчлах зөвшөөрлийг 2018 оны зургадугаар сард өгчээ. Харин тэрбээр өөрийг нь үндэслэлгүй буруутгасан гэж үзэж байгаа аж.


Холбоотой мэдээ