Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдаа болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-07-30 14:28:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас маргааш буюу энэ сарын 31-нд газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааг зохион байгуулна.

Дуудлага худалдааг танхимын болон цахим гэсэн хоёр хэлбэрээр явуулах гэж байна. Цахим дуудлага худалдаа нь мөн өдрийн 09:00-15.00 цагт www.mle.mn цахим хуудсаар явагдах нь. Харин танхимын дуудлага худалдаа нь мөн өдрийн 10:00 цагт Нийслэлийн төр, захиргааны Хангарди ордны хурлын зааланд нээлттэй болох юм.

Танхимын дуудлага худалдаагаар нийслэлийн Сонгинохайрхан болон Налайх, Багахангай дүүрэг дэх 1-2 га газруудыг аж ахуй, аялал жуулчлал, хүлэмжийн аж ахуй эрхлэх, үйлдвэрлэлийн зориулалтаар худалдах бол цахим худалдаагаар Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Морингийн гэр хороолол дахь орон сууц, Сонгинохайрхан дүүргийн 21 дугаар хорооны нутаг дэвсгэр болох Рашаант өртөөний зүүн талын газар, Баруун турууны давааны орчим газрыг тус бүр аж ахуйн зориулалтаар, Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Гандан уулын урд талын газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар худалдах юм.


Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав” салбарт Газрын биржийн цахим төвийг нээсэн. Уг төвөөр дамжуулан газрын дуудлага худалдааг цахимаар явуулах боломжтой болсон юм.

Б.Болд

Холбоотой мэдээ