Гэр бүлийн хүчирхийллийн тоо 19 хувиар буурчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
nandintsetseg@montsame.gov.mn
2019-07-29 13:19:57
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шүүхийн ерөнхий зөвлөл 2019 оны эхний хагас жилийн шүүн таслах ажиллагааны тоймоо өнөөдөр танилцууллаа. Эхний хагас жилийн байдлаар улсын хэмжээнд хүн алах, хүчиндэх, залилах, мал хулгайлах, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн тоо өссөн үзүүлэлттэй гарчээ. 


Тодруулбал хүн алах гэмт хэрэг 30.8 хувиар, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг 13.7 хувиар, хүчиндэх гэмт хэрэг 51.1 хувиар, хулгайлах гэмт хэрэг 17.3 хувиар, дээрэмдэх гэмт хэрэг 29.8 хувиар, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг 20.3 хувиар, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг 25.9 хувиар, залилах гэмт хэрэг 49.3 хувиар тус тус өссөн байна.


Харин гэр бүлийн хүчирхийлэл 19.7 хувиар, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 81.8 хувиар, хүүхдийн эсрэг гэмт хэрэг 57.1 хувиар, улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэг 41.5 хувиар тус тус буурчээ. Шүүхээс хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 13.8 хувиар, ял шийтгүүлэгчдийн тоо 10.5 хувиар өссөн. Үүнээс хорих ялаар шийтгүүлсэн хүний тоо 25.6 хувиар, нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан хүний тоо 14.2 хувиар, торгох ял шийтгүүлсэн хүний тоо 3.1 хувиар тус тус өссөн байна. 

Холбоотой мэдээ