Байгалын бизнес уулзалт Эрхүү хотноо болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-07-26 15:54:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Байгалын олон улсын бизнес уулзалт, үзэсгэлэн ирэх сарын 15-17-нд Эрхүү хотноо болно.

Энэхүү уулзалт, үзэсгэлэнг Дорнод Сибирийн Худалдаа аж үйлдвэрийн танхим үүсгэн байгуулсны 45 жилийн ойн хүрээнд зохион байгуулж байгаагаар онцлог бөгөөд өргөн хүрээнд болно гэж МҮХАҮТ-аас мэдээллээ. Тодруулбал, Байкалын олон улсын хурал, үзэсгэлэн, бизнес уулзалтад Монгол, БНХАУ, БНСУ, Беларусь, Польш зэрэг орны төлөөлөгч, бизнес эрхлэгчид оролцохоос гадна ОХУ-ын Эрхүү мужийн болон Байгал орчмын бүс нутгийн төрийн байгууллагууд, ОХУ-ын Худалдаа аж үйлдвэрийн танхим, гадаадын дипломат төлөөлөгчийн газрууд, хөрөнгө оруулагчид, экспорт, импортын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг томоохон ААН-үүд, жижиг дунд бизнес эрхлэгчид болон бүс нутгийн их дээд сургуулиудын төлөөлөл оролцох аж. 


Байгалын олон улсын бага хурлын үеэр Гадаад худалдаа, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа, IT технологи, цахим худалдаа, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны хүрээнд ажил хэргийн уулзалт, үзэсгэлэн худалдаа зохион байгуулах юм. Үзэсгэлэнд оролцогчид Эрхүү мужид үйл ажиллагаа эрхэлдэг томоохон ААН-үүдээр зочлох бизнес аялал, Дорнод Сибирийн ХАҮТ-ын 45 жилийн ойн ёслолд хүндэт зочноор оролцох боломжтой аж. 

Байгалын бизнес уулзалтад хөдөө аж ахуй, газар тариалангийн тоног төхөөрөмж, улаан буудай, рапс, малын тэжээл, шатах, тослох материал, аялал жуулчлал, тээвэр логистикийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудыг түлхүү хамруулж өгөх хүсэлтийг Зохион байгуулагч ОХУ-ын талаас МҮХАҮТ-д уламжилжээ.

Холбоотой мэдээ