“Galaxy Fold” ирэх есдүгээр сард худалдаанд гарна

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2019-07-25 14:45:58

СӨҮЛ. /Yonhap/. Хэрэглэгчдийг удаан хугацаагаар хүлээлгээд буй “Galaxy Fold” загварын эвхэгддэг ухаалаг гар утсаа ирэх есдүгээр сард сонгогдсон орны зах зээлүүдэд худалдаанд гаргана гэж “Samsung” компани пүрэв гарагт мэдэгджээ.


Samsung” 1980 ам.долларын үнэтэй эвхэгддэг төхөөрөмжөө АНУ-д өнгөрсөн дөрөвдүгээр сарын 22-ноос худалдаалж эхлэхээр төлөвлөж байсан боловч эвдрэл үүссэнтэй холбоотойгоор хойшлуулсан юм. Тухайн үед АНУ-ын шүүмжлэгчдэд шалгуулахаар өгсөн Galaxy Fold” гар утас эвдэрсэн бөгөөд учир шалтгааныг тогтооход зарим хүн төхөөрөмжийн дэлгэцийн хамгийн дээд давхаргыг салгасантай холбоотой байжээ.


Уг гар утасны дэлгэцийн дээд давхарга нь уян дэлгэцийг урагдахаас хамгаалдаг бөгөөд үүнийг салгаснаар гол дэлгэцэд ямар нэгэн эвдрэл үүсэх боломжтой аж. Үүний зэрэгцээ “Galaxy Fold” гар утасны бусад доголдлыг засварлаж, илүү бат бөх болгосон байна.


Зургаан камераар тоноглосон “Galaxy Fold” гар утас нь 263 грамм жинтэй, 7.3 инчийн дэлгэцтэй /эвхсэн үед 4.6 инч/, 12 гегабайтын рамтай юм. Түүнчлэн дэлгэсэн үед 6.9 миллиметр зузаан байх бол эвхсэн үед байрлалаасаа хамааран 15-17 миллиметр зузаан болох ажээ. 


Энэхүү гар утас нь “Huawei” компанийн “Mate X” эвхэгддэг гар утаснаас хөнгөн хэдий ч арай зузаан юм. “Samsung” компанийн мэдэгдэлд дурдсанаар, том дэлгэцийг ашиглан гурав хүртэлх цонхыг зэрэг нээж, бичлэг үзэж, тоглоом тоглохын зэрэгцээ дахин нэг үйлдлийг хийх боломжтой байна.

Холбоотой мэдээ