Ипотекийн зээлд хамрагдах боломжгүй өрхийг орон сууцжуулах “Түмний гэр” төсөл эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2019-07-24 13:44:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гэр хороололд оршин суудаг, өөрийн боломж нөхцлөөр орон сууцанд орох боломжгүй айл өрхүүдийг орон сууцжуулах үндсэн зорилготой “Түмний байр” төслийг эхлүүлж байгаа талаар “Ханан Шишгэд” ХХК-иас өнөөдөр мэдээлэв.


Төсөл санаачлагч “Ханан Шишгэд” ХХК нь 2006 оноос эхлэн уул уурхай, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 100 хувь дотоодын хөрөнгө оруулалттай компани бөгөөд тус компанийн захирал С.Мөнхбат “Түмний байр” төслийг анх 2015 онд санаачлан, тодорхой үе шаттай судалгааг явуулж, өнөөдөр ийн хэрэгжиж эхлэхэд бэлэн болгожээ. 


“Түмний байр” төслийн хүрээнд эхний ээлжинд орон сууцанд хамрагдах нэн хүсэл, тэмүүлэлтэй, ажил хийж, орлогоороо зээлийн төлөлтөө өгөх боломжтой айл өрхийг сонгон урьдчилгаа 30 хувийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлж, банкны шалгуурт баталгаа гаргахаар болжээ. Мөн зээлд хамрагдсан айл өрхийн гишүүдийг томоохон компаниудад ажиллах боломжийг ч олгох юм байна. Ингэснээр иргэдэд бэлэн байр, эсвэл мөнгө тараах бус ажил хийж, олсон орлогоороо орон сууцтай болох боломжийг бодитоор бүрдүүлж чадна гэж төсөл санаачлагч үзжээ. Түүнчлэн төсөл амжилттай хэрэгжвэл нийслэлд олноор баригдсан ч худалдан авалтгүй байгаа шинэ орон сууцнуудыг эргэлтэд оруулах, ипотекийн журам, шалгуурыг иргэдийн бодит амьдралд илүү ойртуулан өөрчлөх, иргэдийн ажил хийх боломж, ажлын байрыг нэмэх олон давуу тал бий болох юм.


Төсөлд хамрагдах хүн нь 18 нас хүрсэн Монгол Улсын иргэн байх, өмнө нь орон сууц худалдан аваагүй байх, урьдчилгаа 20 хувийг бүрдүүлсэн байх ёстой аж. Компанийн зүгээс тухайн хүний амьдрах орчин, ажил хийх, цалингаараа зээлээ төлөх боломж зэрэгт тухайлсан судалгааг хийх юм. Энэхүү төслөөр “Ханан Шишгэд” ХХК мөн Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа бусад компаниудыг нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, бодитоор иргэдийн амьдралд дэмжлэг, нөлөө болох ажил өрнүүлэхийг уриалж байгаа юм. Түүнчлэн барилгын компаниудыг хамтарч ажиллан, орон сууцаа эргэлтэд оруулахыг уриаллаа.


"Түмний байр" төслийн дэлгэрэнгүй мэдээллийг 77770711, 88113876 дугаараас авах боломжтой юм.

Холбоотой мэдээ