Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцооны асуудлаар чуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-04-04 16:26:25

УИХ-ын Тамгын газар, УИХ-ын эмэгтэй гишүүд, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилттэй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд “Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо” сэдэвт үндэсний чуулганыг өнөөдөр зохион байгуулж байна.

УИХ-ын эмэгтэй гишүүд болон бүх шатны ИТХ-д сонгогдон ажиллаж буй эмэгтэйчүүд, төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагууд болон 21 аймаг, 330 сум нийслэлийн есөн дүүргийн ИТХ-ыг төлөөлөгч зэрэг 600 гаруй эмэгтэй уг чуулганд оролцож, Монгол Улсын хөгжлийн асуудлуудаар харилцан санал солилцох, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр гарч байгаа сайн туршлагыг харилцан солилцож байгаа юм. 

Чуулганыг нээж УИХ-ын дарга З.Энхболд үг хэлсэн бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн илгээлтийг мөн уншиж танилцуулсан юм. УИХ-ын дарга хэлсэн үгэндээ “Эмэгтэйчүүд өнөөдөр нийгмийн бүхий л салбарт идэвхтэй үүрэг гүйцэтгэж, төрийн албан хаагчдын 60 гаруй хувь, улс төрийн намын гишүүдийн 50 гаруй хувийг бүрдүүлдэг хэрнээ шийдвэр гаргах түвшин буюу УИХ, Засгийн газар, ИТХ, улс төрийн намын удирдлагад тэдний төлөөлөл хангалтгүй байдаг. УИХ энэ асуудлыг шийдвэрлэх талаар шат дараалсан арга хэмжээ авч байгаагийн нэг нь УИХ-аар 2015 онд батлагдсан Сонгуулийн тухай хуульд УИХ-д нэр дэвших эмэгтэйчүүдийн квотыг нэмэгдүүлж 30 хувь болгож чадсан. Түүнчлэн 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн зорилтод жендэрийн тэгш байдлыг хангах зорилт дахин тэргүүлэх зорилтын нэг болж байгаа нь эмэгтэйчүүдийг шийдвэр гаргах бүхий л түвшинд үргэлжлүүлэн, тогтвортой дэмжих ёстойг бидэнд сануулж байгаа. Улс орноо удирдах цаашдын үйл ажиллагаанд  улам бүр идэвхтэй оролцож, нийгмээ шинэчилж, өөрчлөхөд эмэгтэйчүүд илүү их амжилт олно хэмээн найдаж байна” гэлээ.

Мөн нээлтийн арга хэмжээний үеэр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Биата Транкман үг хэлж, энэхүү чуулган нь цаг үеэ олсон арга хэмжээ болж буйг онцолж байлаа. Тэгвэл УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг УИХ-ын 11 эмэгтэй гишүүн 5 намын төлөөлөлтэй боловч нам харгалзахгүй хамтран ажиллаж, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгаалал, эмэгтэйчүүд, хүүхдийн эрх, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн чиглэлээр олон ажлыг хийж амжуулсан болохыг хэлж байлаа.

“Улс төрийн дээд түвшинд шийдвэр гаргахад эмэгтэйчүүдийн оролцоо”  салбар хуралдаанд УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Эмэгтэйчүүдийн манлайлал” сэдэвт илтгэл, Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн Монгол Улс дахь Суурийн төлөөлөгч Ашлей Вэйлэн “Эмэгтэйчүүд ардчилсан өөрчлөлтийн түүчээ болох нь” сэдэвт илтгэл, УИХ-ын гишүүн Г.Уянга “Эмэгтэйчүүд нийгмийн шинэчлэлд” сэдэвт илтгэл, УИХ-ын гишүүн М.Батчимэг “Эмэгтэйчүүд ба засаглал” сэдэвт илтгэлийг тус тус танилцуулав.

“Орон нутгийн түвшинд шийдвэр гаргахад эмэгтэйчүүдийн оролцоо” сэдэвт салбар хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл даргалж, Баянхонгор, Ховд, Завхан аймгуудын ИТХ-ын эмэгтэй төлөөлөгчид илтгэл танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Мөн Эмэгтэйчүүдийг улс төрийн карьерт бэлдэх нь, Монголын нийгэмд эмэгтэйчүүдийн манлайлал сэдэвт салбар хуралдаанууд үдээс хойш үргэлжилж байна.

Н.Гантуяа

Холбоотой мэдээ