Залуучууд насан туршийн боловсролыг таван чиглэлээр авч байна

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2019-07-20 21:59:37

Завхан /МОНЦАМЭ/.Завханы төв Улиастай сумын Насан туршийн боловсролын төвийг түшиглэн байгуулсан Залуучууд хөгжлийн төвд хагас жилийн байдлаар 97 иргэн суралцаж байна.  

Тус төвд өнгөрсөн жил 14 сая төгрөгийн техник тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт хийсэн нь сургалтын орчныг сайжруулсан байна. Урьд нь зөвхөн танхимд багшийн зааснаар сургалт авдаг байсан бол иж бүрэн компьютер дээр сургалт явуулж дадлага ажил хийдэг болсон нь залуучуудад шинийг суралцах сонирхлыг нь төрүүлдэг болжээ.

Улиастай суманд байрлах хөгжлийн төвд өнөөдрийн байдлаар 18-35 насны 58 иргэн суралцаж төгсчээ.Эдгээр залуу БСШУС-ны сайдын 2013 оны зургадугаар сарын 19-ний А/242 тоот тушаалын дагуу насан туршийн боловсролын хүрээнд эзэмшүүлэх таван чиглэлийн боловсролыг эзэмшиж буй.

Тухайлбал амьдрах ухааны боловсрол, гэр бүлийн боловсрол, иргэний боловсрол -экологи, эдийн засаг, улс төр, эрх зүй,  ёс суртахуун-төлөвшлийн боловсрол–авьяас чадвар нээх, мэргэжил сонгох, эрүүл мэнд, гоо зүй-мэдрэмжийн боловсролыг эзэмшиж байгаа юм. 
Дашрамд Завхан аймагт насан туршийн боловсрол олгох "25-Гэгээрэл” нэртэй төв үйл ажиллагаа явуулж байна. Мөн өнгөрсөн жил НҮБ-ын хүн амын сангийн дэмжлэгтэйгээр Насан туршийн боловсролын хүрээнд сум бүр амьдрах ухааны танхимыг шинээр байгуулжээ.

Холбоотой мэдээ