Хонконгийн Засгийн газрыг дэмжигчид болон эсэргүүцэгчид дахин жагсах гэж байна

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2019-07-19 14:20:30

ХОНКОНГ /СЯНГАН/. /TASS/. Хонконгт энэ амралтын өдрүүдэд олныг хамарсан эсэргүүцлийн ажиллагааг дахин болох төлөвтэй байна. Ар-ти-эйч-кей радиостанцаар мэдээлж буйгаар, Хонконгийн Засгийн газрыг эсэргүүцэгчид төдийгүй дэмжигчид жагсахаар төлөвлөжээ.


Долдугаар сарын 20-ны үдээс хойш Хятадыг дэмжигч эх оронч хүчнүүд жагсахаар төлөвлөсөн байна. Тэд саяхан болсон эмх замбараагүй байдлыг буруушаан, Хятадын засаг захиргааны онцгой энэ бүсийн байдлыг даруй хэвийн болгохыг уриалахаар жагсах аж.


Үүний зэрэгцээ ардчиллыг дэмжигч идэвхтнүүд долдугаар сарын 21-нд эсэргүүцлийн томоохон ажиллагаа зохион байгуулахаар бэлдэж байна. Эсэргүүцлийн ажиллагаанд оролцогчид Виктория цэцэрлэгт хүрээлэнгээс төв гудамжаар жагсан Дээд шүүхийн байр хүрэхээр төлөвлөжээ. Хонконгийн цагдаа нар жагсагчдын явах гудамжуудын дагуу эмх журам сахиулахаар бэлтгэж байна. Тухайлбал, тэд хэт давруу үзэлт жагсагчид бэхлэлт босгоход ашиглаж болзошгүй явган хүний замын хашлагууд, автобусны зогсоолуудын багануудыг зайлуулжээ.


БНХАУ-ын хууль тогтоолыг зөрчсөн хэрэгт сэжиглэгдэж байгаа болон эрэн сурвалжлагдаж буй хүмүүсийг шүүхээр мөрдөн шалгахын тулд Хонконгоос эх газрын Хятад руу шилжүүлэн өгөх тухай хуулийн төслийг эсэргүүцсэн олныг хамарсан жагсаал Хонконгт хэдэн долоо хоногийн өмнө өрнөсөн билээ. Эрүүгийн болон авлигын хэрэгт буруутгагдаж буй хүмүүс төдийгүй хүний эрхийг хамгаалагчид энэхүү шинэ хуульд өртөж болзошгүйгээс гадна онцгой статус бүхий өөртөө засах тус бүсийн ардчилсан эрх чөлөөнд аюул учруулна гэж Хонконгийн сөрөг хүчнийг дэмжигчид болгоомжилж байгаа аж.


Олон нийтийн дарамт шахалтаар Хонконгийн засаг захиргааны тэргүүн Кэрри Лам дээрх хуулийн төслийн хэлэлцүүлгийг зогсоосон боловч эсэргүүцлийн ажиллагаа үргэлжилсээр байгаа юм.


Холбоотой мэдээ