И.Мөнхсонор: Иргэдийн хохирсон эрхийг сэргээхэд хамгийн сайнаараа ажиллах ёстой

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-07-19 11:59:05
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цагдаагийн байгууллагын түүхт 98 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэхүү ойг тохиолдуулан Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, Цагдаагийн ахлах дэслэгч И.Мөнхсонортой ярилцлаа. Тэрээр оюутан байхдаа, “Компьютер мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг” ном гаргаж байсан бөгөөд, цагдаагийн албанд ажиллахдаа цахим залилангийн гэмт хэргийг илрүүлж байсан чадварлаг алба хаагч юм.


-Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч гэхээр нэлээдгүй ачаалалтай байдаг байх. Ажлынхаа онцлогийг танилцуулахгүй юу?

-Миний бие 2014 онд Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар, Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хэлтэст мөрдөн байцаагчаар томилогдсон. Түүнээс хойш тасралтгүй 5 жил энэ дүүрэгтээ ажиллаж байна. Манай дүүргийн хувьд нийслэлийн төв цэгт байрладаг тул яам, Тамгын газар, төрийн байгууллагуудын дийлэнх нь байрладаг. Тиймдээ ч залилан мэхлэх, бусдын эд хөрөнгийг завших, гүтгэх, доромжлох гэх мэт хэрэг дийлэнхдээ бүртгэгдэнэ. Үүнээс залилах гэмт хэрэг хохирол ихтэй байдаг. Тухайлбал, гадаад улс руу виз гаргаж өгнө, ажилд зуучилна, тендерийн зөвшөөрөл гаргаж өгнө, фэйсбүүк цахим хаяг руу зөвшөөрөлгүйгээр орж бусдаас мөнгө залилах, пирамид тогтолцоотой сүлжээний залилангийн гэмт хэрэг байдаг. Энэ төрлийн гэмт хэрэг нь шийдэгдэхэд хүндрэлтэй, илрүүлэхэд хугацаа их шаардагддаг, мөрдөгчийн хувьд тал бүрийн мэдлэг, мэдээлэлтэй байхыг шаарддаг юм. Манай тасгийн хувьд, нэг мөрдөгч 60-70 хэрэг шалгаж, 500 орчим хүнтэй харьцаж байна. Бид иргэдийг хохиролгүй болгох, зөрчигдсөн эрхийг нь сэргээх үүднээс хамгийн сайнаараа ажиллах ёстой гэж боддог тул гэр бүлдээ зарцуулах цагаа умартан ажлын цагаа сунгадаг юм. Манай хамт олны хувьд нэг нэгнээ гэсэн халуун сэтгэлээр ард түмнийхээ төлөө  ажилладаг нь үнэхээр бахархмаар.


-Залилах гэмт хэрэгтэй тэмцэхэд хамгийн чухал нь юу байдаг вэ?

-Урьдчилан сэргийлэх. Тиймээс бид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг байнга зохион байгуулдаг. Тухайлбал “Залилан” нэг сарын аяныг зохион байгуулсан. Энэ хүрээнд  ЦЕГ-ын Мөрдөн байцаах албатай хамтран томоохон албан байгууллагуудын ойр орчимд энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх самбар, сурталчилгаа байршуулж нөлөөллийн ажил өрнүүлсэн. Залилангаас сэргийлэхийн тулд иргэн рүү л чиглэсэн ажлыг түлхүү хийх ёстой. Боломжгүй зүйлийг мэдсээр байж л хүнд итгэж мөнгөө өгдөг нь монголчуудын хээгүй зан. Фэйсбүүк хаягны нууцлалыг маш амархан тайлагдахаар хийдэг, хуурамч холбоос /линк/ руу орж мэдээллээ алддаг зэрэг тоомжиргүй зангаасаа болж, гэмт хэргийн хохирогч болох нь маш их. Иргэд сонор сэрэмжтэй, аливаа хууран мэхлэх гэж байгаа үйлдлийг нягталж, шалгадаг бол энэ төрлийн гэмт хэрэг эрс багасна.


-Цагдаагийн албанд ороод хамгийн анх илрүүлсэн хэргээ дурсаач?

-Би нэг хэргийн илрүүлэлтийг онцолмоор байна. Нэг иргэн хуурамч фэйсбүүк хаяг нээгээд иргэдээс их хэмжээний бэлэн мөнгө залилсан онц хүнд гэмт хэргийг илрүүлж байсан. Тэр үед надад хуурамч фейсбүүк хаягнаас өөр ямар ч сэжүүр байгаагүй ч шалгалтын ажиллагааг явуулсан. Би тэр үед мэргэжлээрээ хамгийн их бахархаж, бахдаж байсан.


-Цахим, кибер аюулгүй байдлын талаар ном гаргаж байсан гэсэн?

-Би оюутан байхдаа 2014 онд ХСИС-ийн доктор, дэд профессор, цагдаагийн хошууч С.Гантулга багш, ангийн найз Д.Алтангэрэлтэй хамт “Компьютер мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг” ном эрхлэн гаргасан. Эрүүгийн хуульд компьютерын мэдээллийн системд нэвтэрч хууль бусаар мэдээлэл олж авах, нянтай програм тараах, компьютерын мэдээллийн аюулгүй байдалд халдах гэх тодорхой бүлэг гэмт хэргийн тухай заалт бий. Тэр гэмт хэргийн онцлог, мөрдөн шалгах  арга тактикыг гүнзгийрүүлэн судлаж түүгээрээ ном гаргасан. Энэ чиглэлээрээ ажиллах их сонирхолтой.


-Өнгөрсөн хугацаанд хэдэн хэрэг илрүүлэв?

-Жил болгон статистик тоон үзүүлэлт хүн тус бүрээр гардаг. Миний хувьд, 2018 онд давхардсан тоогоор 700-800 хэргийг мөрдөн шалгаж, түүнээс 222 хэргийг шийдвэрлэсэн. Үүний 110-ынх нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг тогтоогоод шүүхэд шилжүүлсэн. Үлдсэн хэргийг харъяаллын дагуу шилжүүлж, гэмт хэргийн шинжгүй болохыг нь тогтоогоод хэрэгсэхгүй болгосон.



-Цагдаагийн мэргэжлийг яагаад сонгох болов. Мөрдөн байцаагч байхын онцлогийг юу гэж харж байна?

-Манай ах цагдаа байсан. Багаасаа тэр хүнийг харж, энэ мэргэжилд дурлаж өссөн. Би өөрөө нийгмийн ухаан, хууль эрх зүйн чиглэлдээ их сонирхолтой байсан юм. Миний мэргэжил Эрүүгийн хэрэг, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэгжүүлж, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм буруутайг нь тогтоож, тохирох ял шийтгэлийг нь ногдуулж, хохирогчдийн эрхийг сэргээхийг зорилго болгон ажилладаг. Түүгээрээ их онцлогтой.


-Таны бодлоор мөрдөгчийг чадавхжуулахад юу шаардлагатай вэ?

-Дүүргүүдийн цагдаагийн хэлтэст орон тоог нэмж, ачааллыг бууруулах нь чухал. Хэрэг мөрдөхөд цаг хугацаа их шаарддаг.  "Энэ гэрчээс ийм мэдүүлэх авах хэрэгтэй юм байна", "энэ нотлох баримтыг ингэж олъё", "энэ гэрчээс, тэрнээс нууцаар ингэж авъя" гэх мэтээр тактик боловсруулж мөрдөх ёстой. Тэгтэл 60-70 хэрэг дээр ажиллаж байгаа хүмүүс тактик боловсруулж ажиллана гэдэг хэцүү. Иргэдийн эрх ашгийг дээд зэрэгт хамгаалж, мөрдөн шалгах ажиллагааг өндөр зэрэгтэй явуулдаг болъё гэвэл мөрдөгчийн ачааллыг тоог багасгах хэрэгтэй. Тэгж байж мөрдөгч нарын ажил сайжирч өөрийгөө хөгжүүлэх цаг гарна. Нэг хэргийг шалгахад эдийн засгийн мэдлэг, нягтлан бодох бүртгэлийн мэдлэг, компьютер техникийн гэх мэт маш олон мэдлэг хэрэг болно. Гэмт этгээдээсээ долоон дор хүн яаж тэр хэргийг илрүүлэх билээ дээ. Тиймдээ ч мөрдөгч хүн өөрийгөө байнга хөгжүүлэх хэрэгтэй гэж боддог. Тэр цагийг л бий болгох нь чухал байна.


-Баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.

-Нийт цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүн, цагдаагийн албанд ажиллаж байсан, тэдгээрийн гэр бүлд түүхт 98 жилийн ойн мэнд дэвшүүлье.

Холбоотой мэдээ