Жюү жицүгийн Азийн АШТ эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жюү жицүгийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах 4 дэх удаагийн тэмцээн өнөөдөр Монгол бөхийн өргөөнд эхэллээ.
Монголын Жюү жицүгийн холбооноос эх орондоо анх удаагаа зохион байгуулж буй олон улсын энэхүү тэмцээнд 24 орны 400 гаруй тамирчин иржээ. Тодруулбал, Афганистан, Пакистан, Арабын нэгдсэн Эмират улс, Бахрейн, Бангладеш, Йордан, Иран, Япон, Филиппин, Энэтхэг, БНСУ, Казахстан, Туркменстан, Киргиз, Сингапур, Хонконг, Тайланд, Тайвань, ОХУ-ын тамирчид тэмцээний нээлтийн үеэр өөрийн орны тугаа өргөн жагслаа.
Тэмцээнд мөн нийт 13
орны 19 шүүгч оролцож байна. Манай улсаас гурван шүүгч тэмцээний бүрэлдэхүүнд
ажиллаж байгааг тэмцээнийг зохион байгуулагч Монголын Жюү жицүгийн холбооны
ерөнхийлөгч Х.Эрдэнбаатар мэдэгдлээ.
Тэрээр, “Энэ удаагийн
АШТ-нд насанд хүрэгчид 331, өсвөрийн насны ангилалд 77, нийт 408 тамирчин Ne
Waza, Fighting Jiu Jitsu, Contact Jiu Jitsu, Duo System гэсэн дөрвөн төрлөөр өрсөлдөнө. Манай улсаас насанд хүрэгчдийн ангилалд 62, өсвөрийн ангилалд 47
тамирчин бэлтгэл сургуулилтынхаа үр дүнг сорин өрсөлдөх гэж байна. Энэ удаагийн
тэмцээнд Азийн улс орнууд шилдэг тамирчдаар багаа бүрдүүлэн ирүүлээд байна”
гэв.
АШТ энэ удаа Ne Waza, Fighting Jiu Jitsu, Contact Jiu Jitsu гэсэн гурван төрөлд эрэгтэй 56, 62, 69, 77, 85, -94, +94 кг, эмэгтэй 45, 48, 52, 57, 63, -70, +70 кг-ийн жингүүдэд өрсөлдөж, Duo System-ийн төрөлд өрсөлдөөн жингүй ангиллаар медалийн эздээ тодруулна.
Өнгөрсөн жил Казахстанд болсон Азийн Жюү жицүгийн холбооны хурлаар энэ удаагийн Азийн АШТ-ийг өөрийн орондоо зохион байгуулах эрхийн төлөө, Монгол, Тайланд, БНСУ, Филиппин улсууд өрсөлдсөнөөс манай улс эрхийг авч ийнхүү Улаанбаатар хотноо болж байна.
Б.Болд
Гэрэл зургийг Н.Батбаяр