Малын бүртгэл мэдээллийн сан бүрдүүлэх ажлыг төрөөс дэмжиж ажиллах шаардлага байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-07-17 16:43:51

Архангай /МОНЦАМЭ/. Малын үүлдэр, ашиг шим, байгаль экологид дасан зохицох чадварыг үндэслэн бүс нутгийн онцлогт тохирсон мал аж  ахуйг, бэлчээр тэжээлийн нөөцөд тулгуурлан үржүүлэх, малын бүртгэл мэдээллийн сан бүрдүүлэх, мал үржүүлэг технологийн ажил үйлчилгээг нэгдсэн бодлого төлөвлөлтөөр зохион байгуулж, төр засгаас дэмжин ажиллах шаардлага байгаа талаар албаныхан тодотгов.

Сүүлийн жилүүдэд байгаль цаг уурын өөрчлөлт нөлөөллөөс шалтгаалж бэлчээрийн ургац муудах, мал бэлчээрээс олж авах ашиг шимт ургамлын тоо цөөрч байгаа нь цаашлаад ган зуд болох дохиолдол давтамж ойртож, өвөлжилт, хаваржилтын байдал хүндэрч буй нь малын өсөлт хөгжилд сөргөөр нөлөөлж байгааг аймгийн ХХААГ-аас мэдээлсэн юм.

Үүнд нөлөөлж байгаа гол хүчин зүйл нь хээлтүүлэгчийн хүрэлцээ муу, эцэг малыг сүргийн дотроос тавьсан нь цус ойртох, чанар үүлдэр алдагдах, ашиг шим буурах, мал давжаарч жижигрэх асуудал гарч байгаа аж.

Сарлагтай сумдын хувьд Баянхонгор аймгийн Галуут, Гурванбулаг, Эрдэнэцогт, Хөвсгөл аймгийн Галт, Жаргал, Завхан аймгийн Отгон, Их-уул, Тосонцэнгэл сумаас 130 гаруй өсвөр бух авч ашиглаж, цус сайжруулж байгаа ололттой тал байгаа боловч авч байгаа хээлтүүлэгчийнх нь чанар үүлдэр тодорхой  бус, үржлийн бүртгэл хөтлөх талаар ойлголт малчдын дунд муу байгааг мэргэжлийн байгууллага тогтоожээ.

Хонин сүргийн хувьд малчид хээлтүүлэгч малыг дур мэдэн үүлдэрлэг байдал ашиг шимийн чиглэлийг үл харгалзан сонгон тавих, хээлтүүлгийн үед хээлтэгч малыг ялган суурилахгүйгээр хээлтэгч, хээлтүүлэгч малын зохистой тохироог хангахгүйгээр хээлтүүлгийн ажлыг зохион байгуулж байгаа нь ашиг шимийн түвшин буурах, давжаарч жижигрэх, үүлдэрлэг байдал алдагдах зэрэг сөрөг нөлөө гарч байгаа ажээ. 

Мөн малчид мал маллах уламжлалт арга барил, шинжлэх ухааны ололт зэргийг бүрэн олж хүртэж чадахгүй байгаа нь сүргийн зохистой бүтэц алдагдах, хээлтэгч хээлтүүлэгчийн тохироог хангаагүйгээс малын чанар муудаж жижгэрч давжаарах, ашиг шим буурах, баталгаажсан үүлдэр омгийн мал сүрэг устаж үгүй болох зэрэг эрсдэл дагуулж байна.

Холбоотой мэдээ