Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Үндэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-07-17 13:06:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын багт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэг бүхий Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн ажлын дэд баг өнөөдөр /2019.07.17/ хуралдлаа.


Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ сарын 16-нд өргөн мэдүүлсэн Үндэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, санал дахь гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлэхтэй холбоотой зүйл, заалтуудын талаар хэлэлцэж, үндэслэл тайлбараа боловсрууллаа.


Монгол Улсын Ерөнхийлөгч өргөн мэдүүлсэн төсөл, саналдаа Засгийн газрын гишүүд Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсран гүйцэтгэхийг хориглохоор тусгасан аж. УИХ-ын 64 гишүүний өнгөрсөн сарын 06-нд өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг байнгын хороо болон чуулганаар хэлэлцэх үед дээрх асуудлыг хөндсөн юм. Тиймээс хоёр, гурав дахь хэлэлцүүлгийн үед дээрх асуудлыг шийдвэрлэх боломжтой хэмээн ажлын дэд баг үзлээ.


Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн төсөл, саналд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нийцэж буй эсэхийг Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөл хэлэлцэн шийдвэрлэхээр тусгасан байна. УИХ нь төрийн бодлого тодорхойлох бүрэн эрхтэй. Тиймээс уг заалт УИХ-ын бүрэн эрхэд халдсан шинжтэй байна хэмээн ажлын баг үзэв. Мөн Ерөнхийлөгч өргөн барьсан төсөл, саналдаа Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа таван жил байх заалтын талаар тухайлсан санал, тайлбар гаргах шаардлагагүй хэмээн үзлээ.


Ингээд ажлын дэд багийн санал, тайлбараа Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын багт хүргүүлэхээр тогтов.

Холбоотой мэдээ