Бизнесийн итгэлийн индекс анх удаа эерэг гарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-07-17 09:32:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бизнесийн төлөөллийн байгууллага МҮХАҮТ-аас явуулдаг судалгаагаар 2018 оны бизнесийн итгэлийн ерөнхий индекс анх удаагаа эерэг 0.47 гарчээ.

Дээрх индексийг 2017 онтой харьцуулахад 0.79 нэгжээр өссөн байна. Бизнес итгэлийн индекс эерэг утгатай байгааг эдийн засгийн өсөлт, ялангуяа томоохон төслүүдийн бүтээн байгуулалт өрнөж байгаатай холбон үзэж болно хэмээн МҮХАҮТ-ын мэдээнд дурдсан байна.

Судалгаанд оролцсон нийт бизнес эрхлэгчдийн 54 хувь нь бизнесийн ерөнхий орчин өмнөх жилээс сайжирсан гэж дүгнэсэн бол 24 хувь нь  макро эдийн засгийн орчин сайжирсан гэж үзжээ.





Бизнесийн орчныг хэмжих бодит үзүүлэлт болох ашиг, орлогын дүн 2017 онд 25 нэгж хувийн өсөлттэй гарч байсан бол 2018 онд бизнес эрхлэгчдийн 58 хувь нь ашиг орлого өмнөх оноос тодорхой хэмжээнд өссөн гэсэн байна.

Хөрөнгө оруулалтын үзүүлэлтийн хувьд 2018 оны эерэг үнэлгээ нь өмнөх оноос 20 нэгж хувиар өссөн дүнтэй байна. Харин 2019 оны хөрөнгө оруулалт хийх тухай хүлээлт нь өмнөх оноос нэг нэгж хувиар буурчээ.

2018 онд бизнесийн орчны тулгамдсан асуудлаар эхний хоёр байранд “Зээлийн хүү өндөр, хугацаа богино”, “Бодлогын тогтворгүй байдал” гэж нэрлэж байсан нь өмнөх жилийнхтэй ижил хэвээр байгаа юм. Судалгаанд оролцогчид 2018 оны хувьд бизнесийн орчинд өмнөх оноос илүү сайн дүн тавьсан бөгөөд харин 2019 оны бизнес эрхлэх орчны хүлээлтийн талаар өмнөх жилүүдээс төдийлөн сайжрахгүй гэж үзсэн байна.





МҮХАҮТ-аас бизнесийн орчны ерөнхий төлөв байдал, хөрөнгө оруулалтын орчин, ААН-үүдийн ашиг орлого, макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд болох ядуурал, ажилгүйдэл, инфляцийн талаар бизнес эрхлэгчдийн байр суурь, цаашид хэрхэн өөрчлөгдөх талаар хүлээлт, бизнесийн орчныг сайжруулбал зохих зүйлүүд гэсэн үзүүлэлтээр судалгаа хийдэг.


Бизнесийн орчныг үнэлэх зорилготой Бизнесийн итгэлийн индексийн судалгааг энэ жил 18 дах удаагаа явуулжээ. Судалгааны асуулгыг Улаанбаатар хот, орон нутгийн нийт 845 бизнес эрхлэгчдийн дунд ярилцлага ба онлайн хэлбэрээр 2019 оны 4-6 дугаар сард явуулсан байна.

Холбоотой мэдээ