Гайхам сайхан Галуутын хавцал

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2019-07-16 11:32:46

Баянхонгор /МОНЦАМЭ/. Гүнзгий, эгц цавчим, давчуу хавцлаар голын ус эрчлэн хуйларсаар урсана. Энэ хавцлын эгц хажуугийн хад чулуунд үүссэн ялимгүй тавцангууд дээр хаврын цагт усны шувууд өндөглөдөг бөгөөд хавцлын дээрээс өнгийн харахад ширээн дээр цагаан будаа цацсан мэт цайран харагдах нь гойд сонин. Энэ ч утгаараа гэрэл зураг сонирхогчдын болон  шувууны аялалд гойд нийцэх газрыг уншигчиддаа танилцуулъя.

Эл гайхамшигт байгалийн “үзэгдлийг” Баянхонгор аймгийн төвөөс 75 километр, Галуут сумын төвөөс баруун тийш 20 орчим километрт харж болно. Галуутын хавцал гэх үзэсгэлэнт, сонирхолтой тогтоц бүхий тус газар нь дотоод, гадаадын жуулчдын очих дуртай газрын нэг билээ.

Олгой нуураас Галуут гол тийшээ урсан гарахдаа хоёр километр орчим урт “Галуутын хавцал”-ыг үүсгэжээ. Галуутын хавцал нь дунджаар 100-200 метр гүн, эрс цавчим хажуу ханатай, хамгийн нарийн газраа дөнгөж 2-3 метр өргөн хадан боом болж ирсэн тэр хэсэгт ялангуяа гол ус үертэй үед хүчтэй сүрлэг хүрхрээ, боргио үүсдэг байна.
Хvйтэн тунгалаг гол цавчим сvрлэг хавцлын дундуур харгиатан урсахын хажуугаар Монголд байдаг шувуудын олонх төрөл зүйл нь энд бий.


Галуутын хавцал уран сонин домогтой 
Олгой нуураас хаалган ам хvртэл маш том нуур цэлэлздэг байжээ. Тvvнийг Тоть нуур хэмээнэ. Нэгэн шөнө нvсэр их чимээ шуугиан гарч, том нvvдэл яваад өнгөрөх мэт болж, маргааш өглөө гэхэд мөнөөх Тоть нуур савнаасаа хальж мэлтрээд Бумбаны нурууг сэтлэн, Цагаан нуурын голд нийлсэн байв.
Сэт татагдсан тэр нуруунаас Галуутын хавцал vvссэн аж. Алга болсон Тоть нуурын vлдэгдэл ус нь хонхор хотгорт хоцорч, одоогийн Олон нуур, Олгой нуур, Холбоо нуур болон нэршсэн гэх уран сонин домогтой.

Холбоотой мэдээ