Б.Нямжавын зээрд эрлийз дээд насанд түрүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-07-13 11:36:46
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүрээнд болж буй Уяачдын наадмын эрлийз морьдын дээд насны уралдаан Хүй долоон худагт өнөөдөр боллоо. Уралдаанд 95 хүлэг бүртгүүлж, гарааны зурхайнаас хөдөлснөөс Төв аймгийн Баян сумын уугуул Б.Нямжавын зээрд түрүү магнайд хурдлав. 


Аман хүзүүнд Төв аймгийн Аргалант сумын уугуул, уяач Д.Амгаланбаатарын халтар, айргийн гуравт Хөвсгөл аймгийн Шинэ Идэр сумын уугуул, улсын алдарт уяач Ч.Цэрэнбатын хул морь тодорлоо. Харин айргийн дөрөвт Төв аймгийн Баян сумын уугуул, улсын манлай уяач Х.Цогтсайханы хээр, айргийн тавд Булган аймгийн Хатгал сумын уугуул, уяач Б.Чөдөр-Эрдэнийн зээрд морь торгон жолоо өргүүллээ. 


Дашрамд дурдахад, ноднин Үндэсний их баяр наадмаар эрлийз морьдын дээд нас буюу азарганы уралдаанд Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат Г.Чинзоригийн зээрд азарга түрүүлж, Төв аймгийн Баянцогт сумын харьяат тод манлай уяач Д.Одгэрэлийн бор азарга аман хүзүүдэж наадамчин олныг баясгаж байв. 

Холбоотой мэдээ