АНУ-д Монгол брэндийн дэлгүүр нээнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-07-09 09:49:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНУ-ын Чикаго хотноо энэ оны наймдугаар сарын 1-нд “Монголын брэндийн төв”-ийг нээнэ.


Энэ талаар Экспортын олон улсын худалдааны төвийн үүсгэн байгуулагч Д.Оюунбилэг Монголын бараа бүтээгдэхүүнийг АНУ, Канад, Японы зах зээлд гаргах боломжийн талаар “Холидэй Инн” зочид буудалд болсон хэлэлцүүлгийн үеэр мэдээлсэн юм. Тэрээр, “Бид үндэсний үйлдвэрлэгч, экспортлогчдоо дэмжин гадаад худалдааг нэмэхийн төлөө ажиллаж байна. АНУ-ын Чикаго хотноо Монгол брэндийн төв нээх бэлтгэл ажлаа хангаж, дэлгүүрийнхээ эрхийг аваад засал чимэглэлээ хийж байна. Өнөөдрийн хэлэлцүүлгээр төвийг дотоодын бизнес эрхлэгчдэд танилцуулж, төвийн ажилд дотоодын брэндүүдийг хэрхэн хамруулах, төвийг нээснээр монголчуудын хүртэх үр шимийн талаар мэдээлэл солилцож байна” гэсэн юм.

 

-“Монголын брэндийн төв”-д аж ахуйн нэгжүүдийг хэрхэн хамруулах вэ?

 

-Бүх комани экспортоо нэмэхийг хүсэж байгаа. Монгол брэндийг бүгдийг байршуулах санхүү, мөнгөний боломж байхгүй. Гэхдээ эхэлж байна гэдэг том ажил. Бид экспортыг нэмэгдүүлнэ гэж зүгээр яриад суух бус тухайн зах зээлд нийлүүлэх бүтээгдэхүүн үйлчилгээгээ таниулах нь чухал. Өөрөөр хэлбэл, Бидний бүтээгдэхүүнийг хүн ирээд авна гэхээсээ илүү юу хийж чадаж байна гэдгээ гадаад зах зээлд таниулж, харуулья. Төвийн нээлт бол экспортыг дэмжих ажлын зөвхөн эхлэл. Цаашид бизнес эрхлэгчтэйгээ мэдээлэл солилцож, экспортыг нэмэх чиглэлд олон зүйл хийнэ.


-АНУ-ын талаас хэрхэн хамтран ажиллаж байна?

 

-Энэ жилийн хувьд АНУ-даа худалдаа борлуулалтын орлогоороо шилдэг 10-ын эхний гуравт жагсдаг томоохон дэлгүүрт бараа бүтээгдэхүүнээ сурталчлан таниулна. Бүтээгдэхүүн америк хүний хүсэл сонирхолд нийцэж байгаа эсэх зэргээр хэрэглэгчээ тодорхойлох, анхан шатны судалгаа хийх боломж бидэнд олдож байна. Талбайн хувьд 6-8 компани бүтээгдэхүүнээ байршуулах боломжтой. Цаашдаа тВашингтон DC, Нью-Йорк, Европын улсууд, Японд худалдааны төвүүдээ дэс дараалалтайгаар нээнэ.


-Манай компаниуд гадаад зах зээлд гарахад юунд анхаарах шаардлагатай вэ?


-Нэн тэргүүнд бид хамтарч ажиллах хэрэгтэй. Бидэнд ололт байгаагаас гадна анхаарах шаардлагатай олон зүйл байгааг туршлага харуулж байна. Бидний хувьд түүхий эд байгалийн гаралтай, химийн хольцгүй гэдгээрээ онцлог давуу талтай. Тэгэхээр хэрэглэгчид юу хэрэгтэй байна түүнийг тань үйлдвэрлэе гэдэг систем рүү орох хэрэгтэй. Мөн сав баглаа боодол, хаяг шошгод анхаарч, хүнд хүргэх өнцгөө зөв тодорхойлох хэрэгтэй. Аль оронд бүтээгдэхүүнээ түгээх гэж байгаагаасаа шалтгаалаад, тэр орныхоо хүмүүсийн хэрэглэгчийн зан төлөвийг мэдэх нь хамгийн чухал.  


-Байгууллага болон үйл ажиллагааныхаа талаар товч танилцуулна уу?


-Манай Экспортын олон улсын худалдааны төв нь Монголын бараа, бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд гаргах зорилгоор 2015 оноос эхлэн ажиллаж байна. Бид Монголын үндэсний үйлдвэлэгчдийн ложистикийн төв байгуулсан. Уг төв өнгөрсөн жилээс эхлэн Монгол брэндийн жижиг худалдааны онлайн талбар нээн, үндэсний бараа, бүтээгдэхүүнээ АНУ-ын зах зээлд нийлүүлж байсан бол энэ жилээс дэлгүүрээ нээж байна. Оролдлого болгон нэг үр дүн, дэвшил авчирдаг. 2015 он гэхэд л бид анхны удаа зориглоод АНУ-ын зах зээлд гарч байсан. Тэгээд жилийн дараа Монголын компаниудтай гэрээ байгуулж эхэлсэн.





Жишээ нь, “Говь” ХК-ийн бүтээгдэхүүн тэр жилдээ хөрөнгө оруулагчдын сонирхлыг татан, гэрээ хийж байсан. Аж ахуйн нэгжүүдийн маань хүнсний бүтээгдэхүүнийг тус улсын зах зээлд гарахаар бэлтгэл ажилдаа ороод байна. Одоогоор Японы зөвлөхүүд ирж бүтээгдэхүүн хөгжүүлэлт дээр нь ажиллаж байгаа. “Монос”-ын эрүүл мэндийн цайнууд, “Тесо” корпорацийн бүтээгдэхүүнүүд нь гаднын зах зээлээс хөрөнгө оруулалтыг татсан. Энэ бол бидний хувьд том амжилт. Мөн “Марал” брэнд Канадаас захиалга аваад ирлээ. Энэ нь АНУ-ын зах зээлд их боломж байгааг харуулж байна.


-АНУ дахь төв нээгдсэнээр монголчууд ямар үр өгөөж хүртэх вэ?


-АНУ-ын зах зээл гэдэг бол их том, 2.4 их наяд долларын импорт авдаг. Энэ нь бидэнд орон зай байна гэсэн үг. Одоогоор бид 9.6 сая долларын борлуулалттай байна. Үүнийгээ ахиулахад, бидэнд эдийн засгийн хувьд асар том боломж, бололцоо бий болно. Дахин хэлэхэд, төр болон хувийн хэвшил, мэргэшсэн байгууллагууд зайлшгүй хамтарч ажиллах хэрэгтэй.

 

Б.Болд

Холбоотой мэдээ