МХЕГ Дорнод аймагт хийсэн шалгалтынхаа дүнг танилцууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-04-03 10:41:44

Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар, Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газар хамтран Дорнод аймагт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудад Монгол улсын 28-н хууль тогтоомжийн хүрээнд шалган туслах ажлыг хийсэн дүнгийн хурлыг өчигдөр танилцууллаа.

Энэ шалган туслах ажлыг Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын дарга Шаравдорж ахлан ажилласан байна. Петро-Чайнна-Дачин тамсаг, Шинь-Шинь, Шанлунь зэрэг гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд болон Их чулуут компани, Бүсийн оношлогоо эмчилгээний төв зэрэг 22 байгууллагын 200 гаруй обьетоктод шалгалт хийжээ. Дээрх газруудад Монгол Улсын хууль тогтоомжид заагдсан ажлууд хийгдээгүй нь дээр урьд шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгах арга хэмжээ аваагүй байгааг дахин илрүүлжээ. Энэ удаа зөрчлүүдийг арилгах хугацаатай үүргийг 5-р сарын дунд хүртэлх хугацаатай өгч биелүүлээгүй тохиолдолд хуулиар заагдсан  үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авахаа мэдэгдсэн. Шалгалтын дүнгийн хуралд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн оролцож гадаадын хөрөнгө оруулагч нартай орон нутаг хэрхэн хамтран ажиллаж байгааг дүгнэхийн хамт байр сууриа илэрхийлсэн юм. Хэдийгээр Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа ч орон нутагтай хамтран ажиллах тал дээр гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд үүргээ биелүүлдэггүй үл хүндэтгэх маягаар ханддаг, хийгдсэн гэрээний биелэлт муу байдаг, ажил хэрэг болгох тал дээр хангалтгүй элдэв шалтаг тоочдог талаар шүүмжлэлтэй хандсан юм. Орон нутгийн тухайд газар нутаг, байгалийн баялагаа ашиглуулахын хамт байгаль орчноо хамгаалах, бүрэн бүтэн байдлын хадгалахын тулд хууль ёсны шаардлага тавьж ажиллах нь зөв, энэ тал дээр ч компаниуд анхаарч ажиллах зүйтэйг Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын дарга дэмжээд орон нутгийн удирдлагатай хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.

Б.Туяа

Холбоотой мэдээ