"Ихэр баатар", залуу гавьяатууддаа хүндэтгэл үзүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-07-08 15:57:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн баатар цол хүртсэн хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Б.Шарав нарыг БСШУСЯ-ны удирдлагууд болон урлаг, соёлын салбарынхан “Соёлын төв өргөө”-нд тусгайлан хүлээн авлаа. 



БСШУС-ын сайд Ё. Баатарбилэг “Өнөөдөр түүхэн өдөр болж байна. Монгол Улсын соёл урлагийн салбарын хөгжилд XX, XXI зууныг дамнан үнэтэй хувь нэмэр оруулсан  Чингис хаан одонт, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шарав, Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт Н.Жанцанноров хэмээх эрхэм хоёр хүмүүн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртлээ. Мөн Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртсэн дуурийн дуучин Э.Анхбаяр, уртын дуучин Г.Энхбаатар хоёрт баяр хүргэе” хэмээгээд цэцгийн баглаа өргөн барилаа.



Н.Жанцанноров, Б.Шарав нар нэг өдөр төрийн дээд шагнал хүртсэн тул салбарынхан нь "Ихэр баатар" хэмээн хүндэтгэн нэрлэж байна. Энэ үеэр Хөдөлмөрийн баатар Н.Жанцанноров “Би Б.Шаравтайгаа 51 жил хөгжмийн салбарт зүтгэж байна. Нэг өдөр Хөдөлмөрийн баатар хэмээх эрхэм шагналыг авахдаа үнэхээр догдоллоо. Бидний зохиосон хөгжмийг тоглосон, дуулж, бүжиглэсэн бүхний гавьяа зүтгэлийг энгэртээ заллаа. Мөн БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг таныг богино хугацаанд соёлын салбарын олон асуудлыг шийдсэнд талархал илэрхийлье” гэсэн юм.

Холбоотой мэдээ