Ээлжит чуулган өндөрлөж, ээлжит бус эхэлсэн долоо хоног

ТОЙМ
ariunbold@montsame.gov.mn
2019-07-07 23:18:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөх, Элчин сайд Жон Болтон Монгол Улсад айлчилж, УИХ-ын ээлжит чуулган өндөрлөж, ээлжит бус чуулган нээсэн зэрэг үйл явдал өрнөснөөр Монголын Улс төрийн нэгэн долоо хоног өнгөрлөө. Хонконг дахь Ерөнхий консулыг эгүүлэн татах, малыг хөлөөр нь экспортод гаргахгүй байх, “Их эзэн Чингис хааны музей” байгуулах зэрэг Засгийн газрын хуралдааны шийдвэр ч энэ долоо хоногт олны анхаарлын төвд байсан. Ингээд өнгөрч буй долоо хоногт Монголын Улс төрд өрнөсөн үйл явдлуудыг тоймлон хүргье.


АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөх Монголд айлчлав



АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөх, Элчин сайд Жон Болтон энэ сарын 01-нд Монгол Улсад айлчилсан. Тэрбээр айлчлалынхаа хүрээнд Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нартай уулзсан.


Тэрбээр, Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхахдаа энэ удаагийн айлчлал нь хоёр орны эдийн засаг, цэргийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, мөн бусад салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал бодлоо солилцох боломж хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн.


Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Конгресст дахин өргөн барьсан Гуравдагч хөршийн худалдааны тухай хууль нь оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний салбарт ажлын байрыг олноор нэмэгдүүлэхээс гадна Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг хангах зэрэг ач холбогдолтой болохыг дурдаад, хуулийн төсөлд анхаарал хандуулж ажиллахыг ноён Элчин сайдаас хүслээ. Мөн уулзалтаар хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжуудын хүрээнд санал солилцож, бүс нутгийн аюулгүй байдал, тэр дундаа эрчим хүчний салбарын асуудлаар ярилцав.



АНУ бол Монголын гурав дахь хөрш гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар ноён Жон Болтоныг хүлээн авч уулзахдаа онцолсон.  УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсын Засгийн газар, АНУ-тай байгуулсан Мянганы сорилтын компакт гэрээгээр олгож буй тусламжийн хөрөнгөөр Улаанбаатар хотын усан хангамжийг сайжруулахаар төлөвлөсөн гэдгийг тэмдэглэв.


Элчин сайд Жон Болтон хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэх нь харилцааг бэхжүүлэхэд чухал үр нөлөөтэй гэдгийг онцлоод, эдийн засгийн өндөр чадавхтай хоёр том хөрштэй хиллэн оршдог, хөгжил дэвшлийн сайхан ирээдүйтэй Монгол Улстай хамтран ажиллах өргөн боломж бий хэмээв. Мөн МҮХАҮТ-тай хамтарч Америкийн бизнесмэнүүдийг, тухайлбал хөдөө аж ахуйн салбарын бизнес эрхлэгчдийг Монголд урих бодолтой байнгаа дурдсан юм.



Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй уулзахдаа хоёр орны харилцан итгэлцсэн, найрсаг харилцааг стратегийн түвшинд хүргэх, “Өргөтгөсөн иж бүрэн түншлэл”-ийг бэхжүүлэх, дээд, өндөр түвшний яриа хэлэлцээг үргэлжлүүлэх, улс төр, эдийн засгийн харилцааг гүнзгийрүүлэх, “Монгол Улс, АНУ хоорондын эдийн засгийн өргөтгөсөн түншлэлийн тухай” замын зураглалыг бодитойгоор хэрэгжүүлэх, шинэ салбаруудын хамтын ажиллагааг хөгжүүлэх, Гуравдагч хөршийн худалдааг дэмжих тухай хуулийг АНУ-ын Конгрессоор батлуулах болон бусад асуудлаар санал солилцов.


АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, Дэд Ерөнхийлөгч М.Пэнс нар Монгол Улсад айлчлах урилгатайг Ерөнхий сайд У.Хүрэлсүх нотлов.


АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх, Элчин сайд Ж.Болтон Монгол Улсад айлчилж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж, Дэд ерөнхийлөгч М.Пенсийн мэндчилгээг Ерөнхий сайдад уламжлав. АНУ нь Монгол Улсыг тус бүс нутаг дахь чухал түнш, дотны анд хэмээн үздэг гээд Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэхийн төлөө байдгаа тэмдэглэсэн юм.


Их эзэн Чингис хааны музей байгуулна


Image result for Их эзэн Чингис хаан

Засгийн газрын энэ сарын 3-ны ээлжит хуралдаанаар БСШУСЯ-ны харьяанд Их эзэн Чингис хааны музей байгуулахаар шийдвэрлэв.


Байгалийн түүхийн музейн одоогийн барилгыг буулгаж, тухайн газарт Чингис хааны музей барих хөрөнгийг ирэх оны улсын төсөвт тусгах юм. Чингис хааны музей байгуулах нь эх оронч үзлийг дэлгэрүүлэх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, нийгмийг соён гэгээрүүлэхэд чухал хувь нэмэртэйгээс гадна аялал жуулчлалыг хөгжүүлж, гадаадын жуулчдын тоог нэмэгдүүлэх боломж гэж тооцоолж байна. Үүнтэй холбогдуулан бусад музейд байгаа их хааны болон Монголын эзэнт гүрний түүхэнд холбогдох үзмэр, эд өлгийн зүйлийг музейн сан хөмрөгт шилжүүлэн, хувь хүнээс худалдаж авч, гадаад улсын музейд хадгалагдаж байгаа дурсгалуудын хуулбарыг байршуулахаар боллоо.


Мөн Үлэг гүрвэлийн төв музейг 2019 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс Байгалийн түүхийн музейд нэгтгэхээр шийдвэрлэв. Байгалийн түүхийн музейн захиргаа, сан хөмрөг, эд хөрөнгийг Үлэг гүрвэлийн төв музейн барилгад шилжүүлэх юм.


Ш.Батхүүгийн 98 тэрбум төгрөгийн эд хөрөнгийн мэдээллийг нууцаас гаргав


Image result for Ш.Батхүү

АТГ-аас битүүмжилсэн “Жаст групп” компанийн захирал Ш.Батхүүгийн 98 тэрбум төгрөгийн үнэ бүхий 185 эд хөрөнгийн мэдээллийг нууцаас гаргаж байгаа талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 3-нд мэдээлэв.


“Жаст групп” компанийн захирал Ш.Батхүү “Эрдэнэт үйлдвэр”-ийн 51 хувийг “Стандарт” банканд барьцаалсан асуудлыг хуулийн байгууллага шалгаж буй юм. Дээрх асуудлын улмаас “Эрдэнэт үйлдвэр”-ийн Эрсдэлийн сангаас “Стандарт” банканд 40 сая ам.долларын өр төлсөн. Уг хохирлыг эгүүлэн төлүүлэх зорилгоор Ш.Батхүүгийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжилсэн гэдгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээллийнхээ эхэнд онцлов.



Тэрбээр, “Жаст групп” компанийн эзэмшлийн бүх шатахуун түгээх станц хэвийн ажиллаж байгаа. Гэвч Ш.Батхүү мөнгөгүй гэсэн шалтгаанаар хохирлыг барагдуулахгүй байгаа юм. Улмаар шүүхэд хандаж, цаг авах замаар хэргийн хөөн хэлэлцэх хугацааг дуусгахаар санаархаж байна хэмээн Засгийн газар хардаж байна. Тиймээс ЗГХЭГ-аас АТГ-т албан бичиг хүргүүлж, битүүмжилсэн эд хөрөнгийн мэдээллийг ил тод болгож байна. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хохирлыг барагдуулах ажлын баг томилж байгаа. Ажлын баг Эрүүгийн цагдаагийн газар, прокурор, шүүхэд хандах болно” хэмээв.


Ш.Батхүүгийн хөрөнгийн жагсаалтыг энд дарж үзнэ үү.


Засгийн газрын гишүүд тангараг өргөдөг болох саналыг дэмжив



Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын баг энэ сарын 4-нд хуралдав.


Ажлын багийг Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин ахалж, бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, С.Бямбацогт, Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, Ц.Мөнх-Оргил, Х.Нямбаатар, Д.Оюунхорол, Л.Оюун-Эрдэнэ, Я.Санжмятав, Д.Солтан, Д.Тогтохсүрэн, Д.Эрдэнэбат, Д.Лүндээжанцан ажиллаж байна.


Ажлын баг УИХ-ын байнгын хороодоос Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй холбогдуулан гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг хэлэлцлээ. Төслийн Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 6 дахь хэсгийн “олонхын саналаар батална” гэснийг “олонхын саналаар хуулийг бүхэлд нь эцэслэн батална” гэж өөрчлөн найруулах санал гаргасныг ажлын баг дэмжлээ. Түүнчлэн төслийн Үндсэн хуулийн Хорин наймдугаар зүйлд хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар УИХ-ын хянан шалгах түр хороог байгуулахаар тусгасныг УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Г.Тэмүүлэн, Д.Оюунхорол нарын саналаар хасах нь зүйтэй гэж үзэв. Мөн дээрх гишүүдийн гаргасан Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлд “Нам иргэдийн улс төрийн хүсэл зоригийг илэрхийлж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна” гэсэн агуулгатай хэсэг нэмэх саналыг ажлын багийн гишүүдийн олонх нь дэмжив.


Харин Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмж, тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 1 дэх өгүүлбэрийг “Ерөнхий сайд, Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн нь УИХ-ын гишүүн байж болно” гэж өөрчлөн найруулах, Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Засгийн газрын гишүүн УИХ-д тангараг өргөнө” гэсэн хоёр дахь өгүүлбэр нэмэх саналыг дэмжив. Мөн төслийн Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн насыг 55-аар хязгаарлах заалтыг 50 болгон бууруулах асуудлыг ажлын дэд баг дахин хэлэлцэхээр тогтов.


Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд төслийн Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “Монгол Улсын иргэнийг 12 жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа удаа томилно” гэсний дараа “Улсын Дээд шүүхийн нийт гишүүдийн гуравны хоёр нь шүүн таслах ажлын туршлагатай байна” гэж нэмэх УИХ-ын гишүүн О.Батнасан, Ш.Раднаасэд, Л.Мөнхбаатар, А.Ундраа, Н.Учрал нарын санал олонхын дэмжлэг авсан юм. Мөн ажлын багийн саналаар төслийн Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 2 дахь заалтын эхний өгүүлбэрийг “Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн гурвыг УИХ-ын холбогдох байнгын хороо, нэгийг Засгийн газар, нэгийг мэргэжлийн холбооноос тус тус нээлттэйгээр нэр дэвшүүлж, УИХ томилгооны сонсгол хийн хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар томилно” гэж өөрчлөн найруулахаар болов.


Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Үндсэн хуулийн Тавин долдугаар зүйлийн 2 дахь хэсгийг “Улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны өөрийн удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг хуулиар тогтооно. Хот, тосгонд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн зарим чиг үүрэг, бүрэн эрхийг олгох асуудлыг Засгийн газрын өргөн мэдүүлснээр УИХ шийдвэрлэнэ” гэж өөрчлөхөөр ажлын багээс гаргасан саналын томьёоллыг дэмжив. Мөн “Сумын Засаг даргыг тухайн нутаг дэвсгэрийн иргэд хуулиар тогтоосон журмын дагуу сонгож, аймгийн Засаг дарга арван тав хоногийн дотор батламжилна. Дүүргийн Засаг даргыг сонгох, эсхүл томилох журмыг хуулиар тогтооно” хэмээн өөрчлөн найруулах боллоо.


Ажлын багийн дараа буюу энэ сарын 05-нд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцсэн бөгөөд зарим зарчмын зөрүүтэй саналын томъёоллыг нээлттэй үлдээж, ирэх долоо хоногт үргэлжлүүлэн хэлэлцэхээр тогтов.


УИХ-ын 2019 оны хаврын ээлжит чуулган өндөрлөв



УИХ-ын 2019 оны хаврын ээлжит чуулган энэ сарын 5-нд өндөрлөв.


Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Занданшатар, “Ээлжит чуулганы өмнө тавьсан зорилгоо биелүүлж, 2019 оны хаврын ээлжит чуулган ажлын 66 өдөр хуралдаж, 118 асуудал хэлэлцэн шийдсэн байна. Бие даасан 14, нэмэлт өөрчлөлт оруулах тухай 74 хууль, 44 тогтоол баталсан нь өмнөх оныхоос илүү байгааг судалгаа харуулж байна. Мөн УИХ-ын чуулган, байнгын хороодын ирц хүрдэггүй байсан муу жишиг энэ чуулганаар бүрэн ариллаа. Энэ бол УИХ-ын гишүүд хууль тогтоох үндсэн үүргээ хариуцлагатай биелүүлж байгаагийн илрэл юм. УИХ-ын гишүүд иргэд, сонсогчдынхоо үгийг сонсч, аливаа асуудлыг хамтран шийдвэрлэж байгаа нь ард түмний засаглах эрхийг хангах том алхам болж байна. Бэлчээрийн ашиглалт, хамгаалалтыг сайжруулах, АТГ-ын дарга, дэд дарга, Улсын ерөнхий прокурор, түүний орлогчийг томилох нээлттэй сонсгол явууллаа. УИХ-ын хаврын ээлжит чуулганаар нийгэмд шударга ёс тогтоох, хүний эрхийг дээдлэхэд анхаарч ажиллаа” хэмээв.


Мөн нийгэмд шударга ёсыг тогтоох, аж ахуйн нэгжүүдээ дэмжих, татварын бодлогыг сайжруулах зорилгоор Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Жижиг, дунд үйлдвэрлэл үйлчилгээний тухай болон Татварын багц хуулийг баталсныг онцлон тэмдэглэв. Түүнчлэн УИХ-ын ээлжит бус чуулган зарлана гэдгийг дурдлаа Ээлжит бус чуулган Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэн батлах зорилготой юм. Ийнхүү УИХ-ын дарга Г.Занданшатар хаврын чуулганыг хааж буйг мэдэгдлээ.


УИХ-ын ээлжит бус чуулганыг нээв



УИХ-ын 2019 оны хаврын ээлжит бус чуулганы хаалтын дараа шууд ээлжит бус чуулганыг нээж буйгаа УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдсэн.


УИХ-ын чуулганаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж буй. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хэлэлцүүлэг тасралтгүй үргэлжилнэ гэсний дагуу УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулсан юм.


УИХ-ын дарга Г.Занданшатар, "Монгол Улсад нар хур тэгширсэн дэлгэр зун ирж, Үндэсний их баяр наадам удахгүй болох гэж байна. Монголыг Монгол гэж харагдуулдаг үндэсний уламжлалт зан үйл, баяр ёслолоо бид өргөн дэлгэр тэмдэглэх учиртай ч ард түмний төлөөлөл, даруухнаар хэлбэл, төрийн зарц Та бидэнд чуулганаа завсарлуулах эрх алга.  Ард түмнийхээ  хүсэл, зорилго, нийгмийнхээ захиалгыг биелүүлэх нь олон түмнээ төлөөлөн төрийн эрхийг барилцаж байгаа  Та бидний журамт үүрэг юм. Ардчилсан Үндсэн хууль түүхэн үүргээ гүйцэтгэж, бахархам амжилт ололтыг авчирсан. Алдаа оноо нь ч ил байна аа. Засаж сайжруулах гэдэг дээр маргаж байгаа хүн алга. Товчхон хэлбэл, эмх замбараагүй өнөөгийн нийгмийг цэгцлэх цаг болсонтой бараг хүн болгон санал нийлж байна. Энэ бол боломж, Монголын ард түмний түүхэн сонголт юм. Бид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг эхлүүлсэн. Бидэнд буцах зам байхгүй. Гурван парламент дамжуулан, 10 жил ярьсан асуудлыг одоо шийдэх цаг мөч иржээ. Хорин долоон жилд арван гурван Засгийн газар сольж, тогтворгүй, хариуцлагагүй төр, тогтолцоо нь гажуудсан нийгмийг бүрдүүлсэн алдаагаа ухааран, цэгцлэх цаг болсон гэж  үзэж байна. Байгалийн асар их баялгийн үр шим ард түмэндээ наалдаагүйн бурууг ч засах ёстой. Бид энэхүү нэмэлт, өөрчлөлтийг эхлүүлэхдээ олон түмний санал бодлыг сонсож, уулзалт хэлэлцүүлгүүдийг зохион байгуулсан. Ард иргэдээс ирсэн саналыг хэлэлцүүлгийн явцад судалж, анхаарах ёстой. Улс төрийн 15 нам дэмжиж, эв санааны нэгдлээ илэрхийлж, саналаа ирүүлж байна. Тухайлбал, МАХН-аас байгалийн баялаг нь ард түмний дундын өмч гэсэн заалт оруулъя, 6.1, 6.2 дээр хүн бүрийн мэдэх эрхийг хангая гэсэн саналаа илэрхийлжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч, АН-аас Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд оруулах саналаа ирүүлж, асуудалд ажил хэрэгчээр хандана гэдэгт итгэлтэй байна. Ард иргэдээс ирүүлсэн санал, УИХ-ын гишүүдийн тойрогтоо ажиллах үеэр тэдний илэрхийлсэн саналуудыг цэгцлэхийн тулд ажлын хэсэг хуралдаж, байнгын хороодоор хэлэлцүүлж, Төрийн байгуулалтын байнгын хороо санал хураахад бэлэн болоод байна. Энэ хүрээнд УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах эрх зүйн орчныг бий болгох, давхар дээлийг тайлах асуудлыг нэг мөр шийдэж, төр засгийн сахилга хариуцлагыг дээшлүүлэх, дээр дурдсан байгалийн баялаг ард түмний өмч бөгөөд тэдний мэдэлд, төрийн хамгаалалтад байна гэдэг заалтыг тодруулж, Баялгийн сан бүрдүүлж ашигладаг олон улсын жишиг, туршлагыг харгалзан, тусгахыг олон нийт хүлээж байна. Мөн нутгийн удирдлагын тогтолцоо, хот, дүүргийн статусыг илүү тодорхой болгох саналууд судлаач, эрдэмтэн, ард түмнээс олноор ирж байгааг хэлэлцүүлгийн явцад онцгой анхаарах учиртай. Тиймээс зорилго, эрмэлзлээ нэгтгэж, үндэсний эв нэгдэл, ойлголцол зөвшилцлийн Тунхаг болсон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нэн хариуцлагатай хандахыг, зорьсон үйлсээ эрхэм сайнаар бүтээхийг Та бүхэндээ хандан уриалж байна" гэв.


Ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг энд дарж үзнэ үү.


Хонконг дахь Ерөнхий консулыг эгүүлэн татав



Засгийн газрын энэ сарын 3-ны хуралдаанаар Монгол Улсаас БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконг хотод суугаа Ерөнхий консул Самдангийн Эрдэнийг эгүүлэн татав.


Засгийн газар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тамхи тээвэрлэх болон бусад хууль бус үйлдэл, хэрэг, зөрчилд нэр холбогдсон ч одоо Дипломат төлөөлөгчийн газарт ажиллаж байгаа хүмүүсийг эгүүлэн татаж, төрийн албанаас нэн даруй чөлөөлөн, хариуцлага тооцож эхэлсэн. С.Эрдэнэ нь Вена дахь Элчин сайдын яаманд атташегаар ажиллаж байхдаа тамхи тээвэрлэсэн хэргээр 2004 оны 9 дүгээр сард ХБНГУ-д саатуулагдан шалгагдаж байжээ.


Малыг амьдаар нь экспортод гаргахгүй



Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх  малыг амьдаар нь экспортод гаргахгүй байхыг холбогдох сайдад үүрэг болголоо.


Малыг амьдаар нь экспортод гаргах талаар үе үеийн Засгийн газар тогтоол гаргаж байжээ. Тухайлбал:

-2014 оны 282 дугаар тогтоол /Ерөнхий сайд Н.Алтанхуяг/

-2015 оны 474 дүгээр тогтоол /Ерөнхий сайд Ч.Сайханбилэг/

-2017 оны 142 дугаар тогтоол /Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат/

-2017 оны 284 дүгээр тогтоол /Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ж.Эрдэнэбат/


Цаашид махыг үйлдвэрийн аргаар бэлтгэх хүчин чадлыг нэмж, зургаан үйлдвэр шинээр барих, одоо ажиллаж байгаа 130 гаруй үйлдвэр, цехийн хүчин чадлыг бүрэн ашиглах, махны экспортыг нэмэгдүүлэх зорилгоор ОХУ, БНХАУ, Казахстан, Узбекистан, Иран Улстай мал, эмнэлгийн сертификат тохиролцох зэрэг ажил хийж байна. Энэ хүрээнд хот орчимд мал бэлтгэхгүй байх, мах боловсруулах үйлдвэрүүдийг малаар хангах хуваарийг аймаг, сумаар нь гаргах,  орон нутагт бол мал эмнэлгийн хяналтан дор мах бэлтгэдэг байх зэрэгт анхаарч эхэлжээ.


Мал амьдаар нь экспортлохтой холбоотой дээрх тогтоолуудыг цэгцлэх, нэмүү өртөг шингэсэн, үйлдвэрийн аргаар бэлтгэсэн махны экспортыг нэмэгдүүлэх, ирэх жил гурил, махны үнэ тогтвортой байхад онцгой анхаарахыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх холбогдох сайд нарт үүрэг болгов.

Холбоотой мэдээ