Ойн хүрээнд 9 бүтээлч ажлыг амжилттай хэрэгжүүлж байна

Орон нутагт | Өвөрхангай
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-18 18:22:53

Энэ онд Хүүхдийн байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ой тохиож байна. Энэ хүрээнд Өвөрхангай аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга бөгөөд Засаг даргын а/88 тоот захирамж гарч, 9 бүтээлч үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлж байгаа юм. 

Тухайлбал хүүхдийг хөгжүүлэх зорилт тавьж, “Цодгор хүү-2015” өсвөрийн шатарчдын аймгийн аварга шалгаруулах тэмцээн, “Дуулах өв-2015” ардын болон хүүхдийн дуу дуулаачдын аймгийн аварга шалгаруулах уралдаан, “Уран жиргээ-2015” уран уншлагын наадам, аймгийн “Хүүхдийн урлагийн их наадам”, “Аваргын гараа” өсвөрийн бөхийн барилдаан зэргийг зохион байгуулаад байна.
Мөн Австралийн Улаан Загалмайн нийгэмлэгийн төсөл, орон нутгийн санхүүжилтээр “Хүүхэд эмэгтэйчүүдийг хамгаалах байр”-ыг ашиглалтад оруулан үйл ажиллагааг нь тогтмолжуулаад байгаа ба гэр бүлийн хүчирхийлэл, түүний үр нөлөө хор уршиг, түүний эсрэг авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар нэвтрүүлэг хийж орон нутгийн телевизээр гаргаж байгаа юм. 
Өвөрхангай аймгийн хүүхдийн байгууллагын сүлд дуутай болох шүлгийн уралдаан зарлаж, Төгрөг сумын яруу найрагч Д.Өсөх-Эрдэнийн шүлэг шалгаран хөгжмийн зохиолч, МУУГЗ, хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр аялгууг зохиосноор Монголын Хүүхдийн ордны найрал дуучдаар хоолойны бичлэгийг хийлгэж байгаа аж. 
Түүнчлэн харъяат СУИС-ийн багш, оюутнуудтай хамтран “Машагийн төрсөн өдөр”, “Хямралыг инээдээр давцгаая” шоу драмыг бага, ахлах ангийн түвшинд 7 суманд зохион байгуулжээ.
Одоогоор “Өвөрхангайн Хүүхдийн байгууллагын түүхэн замнал” баримтат нэвтрүүлэг, “Өвөрхангайн Хүүхдийн байгууллагын түүх, дурдатгал” ном хэвлүүлэх ажил 40 орчим хувьтай явж байна. Ойн хүндэтгэлийн нэгдсэн үйл ажиллагааг 11 дүгээр сарын 27-ны өдөр аймгийн ХДТ-т зохион байгуулах юм. 

Б.Батчимэг

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд