"Эрчим хүч-2" төслийн хүрээнд 6241 өрхийн тоолуурыг ухаалаг болгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-07-02 22:47:26

Архангай /МОНЦАМЭ/. Дэлхийн банкны санхүүжилтээр “Архангай аймгийн төвийн 10, 0.4 кВ-ын цахилгаан түгээх сүлжээг шинэчлэх, сайжруулах ажил” төслийн явцын мэдээллийг өнөөдөр хийлээ. Төслийн ажлыг “Цэгц шийдэл” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд 2019 оны 5 дугаар сарын 29-нөөс 2020 оны 9 дүгээр сар хүртэл хугацаанд барилга угсралтын ажил үргэлжлэх юм.

“Архангай аймгийн төвийн 10, 0.4кВ-ын цахилгаан түгээх сүлжээг шинэчлэх сайжруулах ажил”-д “Цэгц шийдэл” ХХК  Архангай аймгийн төвийг 2 хэсэгт хуваан ажиллаж байгаа ажээ. I-р бригад 11 хүний бүрэлдэхүүнтэй 1-р багт, II-р бригад 7 хүний бүрэлдэхүүнтэй 7-р багт ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар гүйцэтгэгч компани 10кВ-ын нийт 800 м шугамыг, 2 дэд станцтай барьж, холбоход бэлэн болгожээ. Мөн төслийн хүрээнд нийт 2600 ширхэг тулгуур шон сольж босгохоос 980 ширхэгийг нь босгосон ба ирэх 10 сар гэхэд бүх тулгууруудыг босгож, ЗИП /бүрээстэй утас/ утсаа татаж, 1000 гаруй тоолуурын хайрцгийг шинээр хийж дуусгана гэлээ. Газар доорх 0,4 кВ-ын шугамыг наадмын дараа хийж эхэлнэ. Ийм учраас МЦХ, Ундарга, ГХБХБГ зэрэг газар доорх байгууламжуудтай холбоотой мэргэжлийн байгууллагуудыг зургийнхаа дагуу хамтран ажиллахыг гүйцэтгэгч компанийн зүгээс хүслээ. 

Энэхүү төслийн хүрээнд Эрдэнэбулган сумын 3-р багт байрлах 10/0,4 кВ-ын 2 дэд станцыг шинэчлэн, хаалттай дэд станц болгох, Эрдэнэбулган сумын 5-р багт байрлах шинэ суурьшлын бүсэд 10/0,4 кВ-ын 3 дэд станц барих, 12,38 км цахилгаан дамжуулах кабель шугам шинэчилж, бүрэн солих мөн хэрэглэгчийн 220 В-ын 6241 өрхийн, 380 В-ын 343 ширхэг тоолуурыг ухаалаг Смарт тоолуураар бүрэн солих ажлууд хийнэ. 

Ухаалаг тоолуур суурилуулснаар хэрэглэгчид өдөр шөнийн тарифаар тооцоо хийх боломжтой болно, хүссэн үедээ хэрэглээгээ хянах, найдвартай цахилгаан хангамжаар хангагдах, хэмнэлт, үр ашиг дээшлэхээс гадна эрчим хүчний хөнгөлөлт эдэлж, түүнээс гарах үр ашгийг хүртэх юм байна.


Холбоотой мэдээ