Өрөмдлөг, хайгуулын үр дүнд “Эрдэнэт үйлдвэр” 60 жил ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-06-30 18:40:44
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн орон нутгийн сэтгүүлчидтэй уулзлаа. Уулзалтын эхэнд тэрээр хэлэхдээ,  “Монгол Улсын Засгийн газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг 2031 он хүртэл хөгжүүлэх Үндсэн чиглэлийг баталсан. Ингэснээр томоохон төсөл, хөтөлбөрүүдийг эхлүүлэх боломж бүрдэж байна” гэлээ. Үүний хүрээнд баримтлах гол бодлогоо танилцуулсан  юм.

Тухайлбал, Нэгдүгээрт, Эрдэс баялгийн нөөц өсгөх төсөл. Уул уурхайн үйлдвэрлэлийн оршин тогтнохын үндэс нь нөөц баялаг. “Эрдэнэт үйлдвэр”-ийн геологичид 2017-2018 онд геологи хайгуулын ажлыг эрчимтэй хийжээ. Одоогоор хүдрийн нөөц нэмэгдүүлэх өрөмдлөг үргэлжилж байгаа аж. Геологи хайгуулын ажил нь “Эрдэнэтийн овоо” ордын хүрээ хязгаарт  төдийгүй түүнийг тойрсон 60 км-ийн радиуст явагдаж, сансрын зураглал, агаарын, геофизикийн олон төрлийн судалгаанаас гадна геохими болон геологийн тандан судалгааны ажлуудыг өргөн цар хүрээтэй хийж байна.

Ингэснээр уурхай цаашид тогтвортой ажиллах, нөөц баялгийг бүрэн дүүрэн ашиглах боломж бүрдэх ажээ. Геологи хайгуулын ажлын хөрөнгө оруулалтыг 2016 онтой харьцуулахад 2017 онд хоёр дахин, 2018 онд 3.2 дахин нэмэгдүүлж, 67 мянган тууш метр өрөмдлөгийн ажил хийсний үр дүнд “Эрдэнэтийн овоо” ордын ашиглалтын хугацааг 20 орчим жилээр нэмэгдүүлж, үйлдвэр наанадаж 60 жил ажиллах боломж бүрдсэн байна.

Хоёрдугаарт, Ил уурхайд мөчлөгт урсгалт тээврийн технологийг нэвтрүүлэх төсөл. Энэ төслийг хэрэгжүүлснээр авто тээврийн зай хоёр дахин багасна. Хүдэр олборлох өртгийг 20 хүртэл хувиар бууруулж, жилд 20 сая ам.долларын хэмнэлт гарах юм байна.

Гуравдугаарт, Баяжуулах үйлдвэрийн өргөтгөл, шинэчлэлийн төсөл. Энэ төсөл хэрэгжсэнээр хүдэр бэлтгэх, хөвүүлэн баяжуулах хэсгийн олон тооны бага хүчин чадалтай техник, тоног төхөөрөмжүүдийг өндөр хүчин чадалтай орчин үеийн техник, тоног төхөөрөмжөөр сольж сүүлийн үеийн технологийг нэвтрүүлнэ. Үүний үр дүнд хүдэр боловсруулах өртөг зардал 10 хүртэл хувиар буурахаар тооцжээ.

Дөрөвдүгээрт, Засвар механикийн заводыг өргөтгөн шинэчлэх төсөл. Энэ төслийн хүрээнд уг заводыг импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр өргөтгөж, цар хүрээг нь тэлж ажиллуулна. Засвар механикийн заводыг “Эрдэнэт үйлдвэр”-ийн хэмжээнд төдийгүй Монгол улсын Засвар механикийн завод болгох хэмжээнд өргөжүүлэхээр зорьж шинэчлэх ажлыг хийх юм. Уул уурхай, эрчим хүч, барилга зэрэг аж үйлдвэрийн болон хөрөө аж ахуйн салбарын хэрэглэгчдэд зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн төлөө ажиллана.

Тавдугаарт. Уусган баяжуулах технологиор катодын зэс үйлдвэрлэх төсөл. “Эрдэнэт үйлдвэр” исэлдсэн болон ядуу агуулгатай хүдрийг тусад нь овоолго үүсгэн хадгалдаг. Цаашид ч ийм хүдэр гарна. Баяжуулах үйлдвэрт уламжлалт технологиор боловсруулдаггүй хүдрийг ашиглан уусган баяжуулах аргаар нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн катодын зэс үйлдвэрлэх үндэслэл тооцоо хийж байна. Хамгийн сүүлийн үеийн, байгаль орчинд халгүй технологи ашиглахаар төлөвлөж байгаа. Энэ бол нөөц баялгаа иж бүрэн ашиглах чиглэлээр хийх ажил. Үнэлэмж өндөртэй, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж үр ашгийг нэмэгдүүлэх, боломжийг эрж, хайж, судалж байна.

Зургаадугаарт, Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төсөл. “Эрдэнэт үйлдвэр”-ийн зэсийн баяжмалыг хайлуулан боловсруулж, катодын зэс гаргах үйлдвэрийн төслийг салбарын яамны Техникийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, батлуулсан. Иймээс зэсийн баяжмалыг хайлуулан боловсруулж, катодын зэс гаргах үйлдвэрийн төсөл хэрэгжүүлэхээр Үндсэн чиглэлдээ тусгасан. Уг төслийг хэрэгжүүлсэнээр нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортын бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлэх боломжтой. Энэ төслийг хэрэгжүүлэхэд хүндрэл учруулж байгаа үндсэн асуудал нь дагалдан гарах хүхрийн хүчлийн асуудал. Зарчмын хувьд бол элемент хүхэр, фосфорын бордоо, гипс үйлдвэрлэх замаар шийдвэрлэх боломжит хувилбарууд бий. Эдгээрээс хамгийн үр ашигтай байх, хэрэгжүүлж болох хувилбарын сонголтын талаар судалгаа, тооцооны ажил хийж байна. Эдгээр төслийг хэрэгжүүлсэнээр 1000 гаруй ажлын байр шинээр бий болох боломжтой ажээ.

 

Холбоотой мэдээ