Бууцагаан суманд Гал түймэр унтраах, аврах анги байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-06-29 20:38:12

Баянхонгор /МОНЦАМЭ/Баянхонгор аймгийн Бууцагаан суманд Гал түймэр унтраах, аврах 72 дугаар анги байгуулж, нээлтийн ёслол хийлээ.

Тус анги нь Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 114 дүгээр тогтоолоор байгуулж буй бөгөөд Баянхонгор, Говь-Алтай, Өмнөговь аймгийн есөн сумын ард иргэдэд болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээг шуурхай хүргэх боломж бүрдэж байгаа аж.

Нээлтийн ёслолд Онцгой байдлын Ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, Онцгой байдлын Ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, хил залгаа аймгуудын Онцгой байдлын газрын дарга нар оролцсон байна. Мөн энэ үеэр ажил мэргэжилдээ амжилт гаргасан, үүрэг хариуцлагаа амжилттай биелүүлж байгаа тус ангийн зарим алба хаагчдыг ОБЕГ-ын даргын тушаалаар цэргийн цол тэмдэг, баярын бичгээр шагнаж урамшуулжээ.

Холбоотой мэдээ