Бэлчээрийн болон фермерийн мал аж ахуйг хослуулах шаардлагатайг онцлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-04-01 12:17:55

Монгол Улсад уул уурхайгаас илүү орлого оруулах мал аж ахуйн салбар залуу малчид цөөрч байгаагаас уналтад орж эхэлснийг өнөөдөр болсон “Малчдын залуу халаа” уулзалтад оролцогчид онцлов.

Улсын хэмжээнд 350 мянган малчин өрх бий. Үүний 37 хувийг л 15-34 насны залуу малчид эзэлдэг байна. 35-50 хүртэлх насны иргэд 53 хувийг бүрдүүлж байна. Түүнчлэн малчдын 35 хувийг бага болон боловсролгүй иргэд эзэлж байгаа бол, 57 хувь нь бүрэн дунд, 5.4 хувь нь тусгай мэргэжлийн, 1.6 хувь нь дээд боловсролтой байгаа аж. Залуус малчин болохоос илүү мэргэжил эзэмшиж суурин ажил хийхээр хотыг зорьдог ч ажлын байр олддоггүй. Үүнээс шалтгаалан залуу малчдын тоо өдөр ирэх тусам цөөрч байгаа юм. Энэ нь ирээдүйд Монголын уламжлалт мал аж ахуй уналтад орж, малын тоо толгой цөөрч, мах, махан бүтээгдэхүүний хангамж тасалдах нөхцөл бүрдүүлж байгаа юм. Тиймээс ажилгүй байгаа залуусыг малчин болохыг уулзалтад оролцогчид уриалав. Мөн малчид өөрийн хүүхдүүдээ нийслэлд сургах бус малчин болгох нь зөв юм. Өөрөөр хэлбэл, нийслэлээс мал маллаж үзээгүй залуусыг татах бус багаасаа малчны хотонд өссөн хүүхдүүд энэ салбарын ирээдүй гэдгийг онцоллоо.

Монгол Улсын хөдөө аж ахуйн салбар ДНБ-ий 18 хувийг, нийт ажиллах хүчний 30 хувийг ажлын байраар хангадаг тул төрийн бодлогын төвд байдаг. Улсын эдийн засгийн өсөлтийг уул уурхайгаар төсөөлөхөөс илүү мал аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар эдийн засгийн эргэлтийг дээшлүүлэх нь чухал гэдгийг Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан уулзалтын үеэр хэллээ.

“Малчдыг мөнгөжүүлэх, өрхийн амжиргааг дэмжих зорилгоор малны зээлийн хүүг бууруулж, цагаан идээний үйлдвэрлэлдээ шинэ технологи нэвтрүүлэх боломжийг нэмэгдүүлж байна. Мөн Хөдөлмөрийн яамнаас “Малчны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ хүрээнд малчдад мал маллагааны арга, аж ахуй эрхлэх ур чадвар олгох, малжуулах зэрэг ажлыг зохион байгууулсан. Ингэснээр 9000 гаруй иргэнийг сургалтад хамруулж, 4000 мянга гаруй ажлын байр шинээр бий болгожээ. Мал малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлийн мэргэшсэн мэргэжилтэн шаардлагатай байна. Өнөөдөр МСҮТ-ын 9 байгууллагад 252 суралцагсад хөдөө аж ахуйн чиглэлээр суралцаж байгаа нь тун хангалтгүй үзүүлэлт юм. Цаашдаа энэ чиглэлд түлхүү анхааран ажиллах болно” хэмээв.

Бэлчээрийн болон фермерийн мал аж ахуйг хослуулан, тоо толгойг өсгөх бус чанаржуулах шаардлагатай байгааг уулзалтад оролцсон малчид хэлж байлаа. Ингэснээр бэлчээрийн хомсдлын асуудлыг шийдвэрлэхэд чухал алхам болох юм. Аймгийн төвөөс 50 км дотор фермерийн мал аж ахуйг хөгжүүлснээр суурин газруудаа сүү, цагаан идээгээр хангах төдийгүй фермерийн эрүүл малын махыг экспортод гаргахад илүү тохиромжтой. Энэ нь Монгол Улсад орох валютын урсгалыг нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтийг дэмжихэд томоохон түлхэц үзүүлэх юм. Мөн малчдын өмнө тулгамдсан асуудал болоод буй бэлчээрийн хомсдлыг шийдвэрлэх гарц гэдгийг Баянхонгор аймгийн малчин М.Содномсамбуу хэллээ.

Төрөөс малчдыг орлоготой байх боломжийг бүрдүүлэх зорилгоор мах экспортод гаргаж эхэлсэн. Мах экспортод гаргахад тулгардаг хамгийн гол асуудал нь олон улсын хорио цээрийн асуудал. Өнгөрсөн хугацаанд Монгол Улс малын шүлхий өвчтэй тул мах экспортод гаргах боломжгүй байсан. Харин саяхнаас бүсчлэх буюу малын гоц халдварт өвчин гардаггүй баруун таван аймгийг шүлхийгүй бүсээр тодорхойлсноор махыг экспортод гаргах нөхцөл бүрдсэн хэмээн ХХААЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын С.Жавхлан илтгэлдээ дурьдав.

Тэрбээр, “Засгийн газраас Бэлчээрийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьжээ. Хуулийн төсөл бэлчээрийг зүй зохистойгоор ашиглах боломжийг бүрдүүлэх зорилготой. Тухайлбал, малчид жилийн 4 улиралд бэлчээр сэлгэн нүүдэллэдэг байсан бол сүүлийн үед нэг газартаа суурьших шинжтэй болж байна. Ингэснээр байгаа газрынх нь бэлчээр сэргэх нөхцлийг хязгаарлаад байгаа юм. Тиймээс малчдыг бэлчээр сэлгэн нүүлгэдэг болгох, даац хэтрүүлсэн тохиолдолд тодорхой хэмжээний татвар авдаг болох зэрэг заалт оруулсан” хэмээв.

“Малчдын залуу халаа” уулзалтад 21 аймгийн 120 малчин оролцож, өөрсдийн санал, санаачлагаа төрийн бодлогод тусгуулах чиглэлээр хэлэлцүүлэг өрнүүлж байна.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ