Архангай аймгийн халуун, хүйтэн рашаануудын талаар танилцуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-07-01 11:25:16

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт хүний биед сайн амралт-сувиллын халуун, хүйтэн олон рашаан бий. Та энэ зун Архангай аймгийн аль рашаанд орохоо дараах танилцуулгаас хараарай.


Цагаан сүмийн рашаан үе мөч, мэдрэлийн өвчнийг анагаана

Архангай аймгийн Хотонт сумын төвөөс 65км- т оршдог “Цагаан сүм-ийн рашаан нь 0,46г/л эрдэсжилтэй, гидрокорбанат-натрийн найрлагатай, 69 градусын халуунтай, РН  8.85, ЕН – 10мв, цахиурын хүчил, фтортой, азотын халуун рашаан юм. Энэ рашаан нь үе мөч, мэдрэлийн өвчнийг анагаахад ач тустай. Рашааны орчимд “Их хаган Хубилай” жуулчны бааз /98630593, 99081753/ болон “Цагаан сүм” жуулчны бааз /70076020, 99112786/-д байрлаж амарч болно.       

 

Цэнхэрийн халуун рашаанаас чихрийн шижин өвчтэй хүн бага тунгаар уувал сайн нөлөөтэй


Цэнхэр сумын нутагт Цэнхэрийн халуун усны рашаан байдаг ба Цэцэрлэг хотын төвөөс урд зүгт 25км зайд далайн түвшнээс дээш 1860 метр өндөрт өргөгдөн оршдог. Рашаан нь их гүнийх бөгөөд дөрөвдөгч галавын хурдас их боловч хөрсний устай холилдохгүй гардаг. Рашааны температур нь 65-90 градусын халуун бөгөөд Монголдоо халуунаараа 2 дугаарт ордог. Цэнхэрийн халуун рашааны чанар нь ердийн шүлтлэг бөгөөд газрын гүнээс 86 градусын халуунаар 1 секундэд 10 л орчим ундран гардаг. Энэ рашаанд хүхэрт устөрөгч, цахиурын нэгдэл агуулагддаг учраас хуян, мэдрэлийн судас үрэвсэх, булчингийн өвчин, үе мөчний өвчин, зөөлөн эдийн гэмтэл, цус багадалт, эмчилгээний дараах эрүүл мэнд сэргээхэд, ядаргаа, архаг арьсны өвчин, ил шарх, чихрийн шижин өвчтэй хүн бага тунгаар уувал сайн нөлөөтэй. Рашааны орчинд “Дуут ресорт” жуулчны бааз /98981499, 99112499/ байх ба үнийн хувьд, гэрт байрлах бол 1 хүн өдрийн 3 хоолтой 140.000төгрөг, хоолгүй бол 70.000төгрөгөөр, хэрвээ буудлын өрөөнд байрлах бол хоолгүй 100.000 төгрөг, хоолтой 120.000-140.000 төгрөгөөр амарч болно. Мөн “Шивээт манхан” жуулчны бааз бий. Үнэ нь 3 ортой гэр 120.000 төгрөг, 4 ортой гэр 140.000 төгрөг байх ба 99184232 дугаарт холбогдож лавлаж болох юм. “Хангай ресорт” бааз /99001645/ нь үнийн хувьд “Шивээт манхан” жуулчны баазтай яг адил юм.  


Бор бургастын рашаан хоолой, харшлын өвчинд нэн сайн


Цэцэрлэг хотоос 60 км, Төвшрүүлэх сумаас 18км-т "Бор бургаст”-ын рашаан бий. Рашаан нь бүх дотор эрхтэн болон үе мөч, даралт, хоолой, харшил, шүд, нүд зэрэг  олон өвчнийг  анагаах  чанартай хүйтэн рашаан юм. Рашааны ойролцоо 10 гаруй шовгор байх ба дараах үнийн тарифаар үйлчилдэг.

1. Нэг шовгорын үнэ -  1 хоногт - сумын иргэд - 7000төг, бусад иргэн 10000

2. Нэг гэрийн үнэ  - 1 хоногт - сумын иргэд - 10000төг,  бусад иргэн  - 15000

3. Байгалийн  баялагтай  харьцсаны  төлбөр - 7 хоногт 1 хүнээр 300 төг

4. Хог хаягдлын хураамж  - 7 хоногт \ шовгор, гэр, майхан\ - 2000 төг

5. Машины зогсоол  тавилтын хураамж - 1 хоногт - 500 төг

6. Рашаан уух зориулалтаар хувь хүн гэр майхан барьж  газар  ашиглах төлбөр - 1 хоногт - майхан - 2000,  гэр - 3000төг байдаг.

 

Шивэртийн халуун рашаан мэдрэл, үе мөч, арьс харшилд сайн



Цэцэрлэг хотоос зүүн хойшоо 35км-ийн зайд Шивэртийн халуун рашаан байдаг. Байгалийн ундарга бүхий 68 градусын хүхэрлэг, халуун рашаан бөгөөд мэдрэл, үе мөч, арьс харшилд сайн юм. Дэргэд нь аймгийн ХХҮГ-ын харьяа ахмадын амралт-сувилал /70333009/, “Хасу Шивэрт” рашаан сувилал /98007314/, “Их улаан шивэрт” жуулчны бааз /99199897/ бий.


Мухар хужиртын рашааны голлон мэдрэлийн өвчинд ууж болон боргионд нь цохиулж хэрэглэдэг

Архангай аймгийн төв Цэцэрлэг хотоос 210км, Цэцэрлэг сумын төвөөс 18км-т Мухар хужиртын рашаан байдаг. Мухар хужиртын рашааны эмчээр Х.Дорж эмч олон жил ажиллаж байгаа ба амарч очсон хол ойрын олны дунд Мухар хужиртын Дорж эмч гэж алдаршсан. Тэрбээр танд таарах рашаан сувиллын эмчилгээг хийх юм. Түүнтэй 99844411, 98121248 утсаар холбогдож болно. Х.Дорж эмч хэлэхдээ “Мухар хужиртын рашаан эрт дээр үе буюу 1642 онд Халхын анхдугаар Зая бандид Лувсанпэрэнлэй гэдэг хүн хүй дарсан байдаг. Эндээс уг рашаан гарсан гэж ном зохиолд бичсэн байдаг. Рашаан хүйтэн атлаа халуун чанартай, уухад хөөрдөг. Уг рашааныг эхлээд уухад шилэн хүзүү сэрвэгшинэ, гүйдэл гүйнэ, тархи толгой өвдөнө, нүдний болрын цагаан улайж, нүүр мэнэрдэг. Мөн хоолой өвддөг. Үүнээс гадна биеийн аль нэг хэсэгт туурна, артерын даралт ихэсдэг. Зарим хүний буйл хавдаж, шүд нь суларч, толгойн оройны хуйх хүртэл хөөх зэрэг шинж тэмдэг илэрдэг. Дараагийн хэд хэдэн уултаас аажимдаа зүгээр болно. Энэ рашааныг мэдрэлийн ядаргаа, нойргүйдэл, унадаг, саа саажилттай, сэтгэцийн архаг өвчтэй, ходоодны хүчил бага, элэг цөсний архагшил, үе мөчний хурц үрэвслийн үед ууж, хүйтэн боргионд цохиулдаг. Энэ рашааныг ууснаар дотор эрхтнээ цэвэрлэхээс гадна эрдсүүдээ нөхөж авна" гээд рашааныг дор хаяж гурван жил дараалан уух хэрэгтэйг хэлж байлаа.

 

Ноён хангайн рашаан нь нуруу, бөөр, тулгуур эрхтний өвчлөлд нэн сайн



Цэцэрлэг хотоос 250км, Хангай сумын төвөөс 18км-ийн зайд Ноён хангай рашаан бий. Ноён Хатан хангай уулын баруун хойд хормойноос халуун, хүйтэн рашаан урсдаг. Рашааны халуун нь 36-39 хэм, 9.1-9.5 хэт шүлтлэг, хүхэрт устөрөгч, цахиурын хүчил зэргийг агуулсан байдаг. Эдгээр рашаанууд нь дотор, таван цулын эрхтэн систем, нуруу, бөөр, тулгуур эрхтний өвчлөлд нэн сайн бөгөөд нүд, чих, хамар, амны хүйтэн рашаанууд тусдаа өөр өөрсдийн сувгаар урсдаг онцлогтой. 


Хадатын рашаан нь шар өвчин, элэг, цөсний зэрэг олон өвчинд сайн нөлөөтэй



Тариат сумын төвөөс зүүн тийш 40км, Цэцэрлэг хотоос 220км –т Хадатын рашаан байрладаг. Тус рашаан нь шаварлаг ба натри, карбонат, төмрийн усархаг ислүүд, манганы усархаг ислүүд, сульфатын болон хлорид, хлоридын бүлэг эрдсүүд, кальц, кали, магни зэрэг нь хадны завсраар шүүгдэн, уулсын даралтаар оргилон гардаг рашаан юм. Иймдээ ч шар өвчин, элэг, цөс, савны архаг хуучин, хүйтэн, бөөр, нуруу, мэдрэл, хоол унд үл зохих, гэдэсний элдэв өвчинд сайн.

Холбоотой мэдээ