Мэргэшсэн нягтлан бодох бүртгэлийн институтын Ховд салбар 20 нас хүрлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-04-01 09:34:16

Монголын мэргэшсэн нягтлан бодох бүртгэлийн институтын /ММНБИ/ Ховд салбарын 20 жилийн ой болж, “Гишүүд дэмжигчдийн жилийн тайлан уулзалт, хэлэлцүүлэг” зохион байгууллаа.

Уулзалт хэлэлцүүлэгт Аймгийн ИТХ-ын дарга Б.Баярсайхан, аймгийн ЗДТГ-ын санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Б.Амгаланбаатар, аймгийн Ерөнхий аудитор Л.Галбадрах болон бүх төсөвт байгууллага болон хувийн хэвшлийн нягтлан бодогч нар оролцлоо.

ММНБИ-ийн Ховд салбарын дарга А.Оюундэлгэр салбарынхаа 20 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлээд 1996 оны 3 сарын 9-нд байгуулагдсан тус салбар өнгөрсөн хугацаанд мэргэжилтнүүдийг чадавхжуулах, нарийн мэргэшүүлэх, нягтлан бодох бүртгэлийн болон аудитын олон улсын стандартыг нэвтрүүлэх, улс орныхоо эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн олон арга хэмжээ хэрэгжүүлж ирснийг дурьдлаа.

Ховд салбар институтын сургалт болон эрх олгох шалгалтад нягтлан бодогчдыг хамруулж, мэргэшсэн нягтлан бодогч салбарын гишүүдийн тоо жил ирэх тутам нэмэгдэж байна. Гишүүн байгууллагуудаар Итгэл аудит ХХК, Тэгш сан аудит ХХК, Тунгалаг бүртгэл аудит, Ховд есөн өрлөгө аудит ХХК –нууд амжилттай ажиллаж байгаа аж.

Тус салбар мэргэжлийн хүрээнд үйл ажиллагаа явуулахаас гадна жил бүр мэргэжил нэгт ахмадууддаа хүндэтгэл үзүүлж, ”Санхүүчдийн ойн төгөл”-дөө жил бүр мод тарьж, ажлын туршлага судлах, байгалийн үзэсгэлэнт газруудаар танилцах аялал зохион байгуулдаг байна.

Түүнчлэн ММНБИ-ийн Ховд салбар 2012, 2014, 2015 онуудад дараалан шилдэг салбараар өргөмжлөгдөж, 2008-2012 онуудад  шилдэг “Маркетингийн салбар”аар шалгарсан байна.

Мэргэшсэн нягтлан бодогч гишүүд, дэмжигч гишүүд, санхүүч санхүүч нягтлан бодогчид энэ чиглэлээр сурч байгаа оуютан, залуучуудыг дадлагажуулж, орон нутагтаа бүртгэл санхүүгийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах, тасралтгүй сургаж хөгжүүлэх зорилгоор томоохон өөрчлөлт хийж ажлын байртай анхны салбар болжээ.

А.Бямбасүрэн

 

 

Холбоотой мэдээ