Гүржийн Ерөнхийлөгч Беларусьт хийж буй айлчлалаа зогсоожээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
МИНСК. /RIA Novosti/. Гүржийн Ерөнхийлөгч Саломе Зурабишвили Беларусийн төрийн тэргүүн Александр Лукашенкотой уулзсаныхаа дараа тус улсад хийж буй айлчлалаа товлосон хугацаанаас өмнө дуусгахаар болсон байна. Энэ тухай Беларусийн төрийн байгууллагууд дахь эх сурвалжууд мэдээлжээ.
Зурабишвили Минскт пүрэв гарагт хүрэлцэн очжээ. Тэрбээр Беларусийн төрийн тэргүүн Александр Лукашенко болон Ерөнхий сайд Сергей Румастай уулзахаар төлөвлөж байснаас гадна, баасан гарагт эхэлж байгаа Европын хоёрдугаар наадмын нээлтэд оролцох ёстой байсан байна.
Гүржийн сөрөг хүчнийхэн пүрэв гарагт олныг хамарсан эсэргүүцлийн ажиллагаа зохион байгуулсан юм. Тус улсад Үнэн алдартны шашинт орнуудын парламент хоорондын хурал болж байгаа бөгөөд Оросын төлөөлөгчдийн тэргүүн Сергей Говрилов Гүржийн парламентын даргын суудалд суун тус хурлыг нээсэн явдал сөрөг хүчнийнхний дургүйцлийг төрүүлжээ. Пүрэв гарагийн орой жагсагчид парламентын ордон руу дайран орохыг завдаж, эмх замбараагүй байдал үүсгэсэн байна. Сөрөг хүчнийхэн Гүржийн Ерөнхий сайд Ираклия Кобахизег огцрохыг шаарджээ. Цагдаа нар жагсагчдыг хүч хэрэглэн тараасан бөгөөд мөргөлдөөний үеэр 50 гаруй хүн гэмтсэн байна.