10 шилдэг гарааны бизнес шалгаруулж, 10 сая төгрөгийн хүүгүй зээл олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-06-20 22:41:54

Ховд /МОНЦАМЭ/. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас  энэ онд  10 шинэ, шилдэг гарааны бизнес төсөл шалгаруулж, гурван жилийн хугацаатай, тус бүр 10 сая төгрөгийн хүүгүй зээл олгохоор болжээ.    

Ховд аймгийн ХХҮГ-аас Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн санхүүжилтээр энэ онд зургаан хөтөлбөр хэрэгжүүлж байгаагийн нэг  нь “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр” юм.

Тус аймгийн нийт хүм амын 50 гаруй хувийг 15-34 насны залуучууд эзэлдэг. Тэгвэл аймгийн ХХҮГ-т идэвхтэй ажил хайгчаар бүртгүүлсэн иргэдийн 60 орчим хувь нь мөн л залуучууд байна. Тиймээс залуучуудад гарааны бизнес эхлэх, өргөжүүлэх сэдэл, урам зориг өгөх, шинэ мэдлэг, мэдээлэл хүргэх, тэдний оролцоог нэмэгдүүлэх зорилгоор сургалт зохион байгуулах, шилдэг бизнес санааг шалгаруулах, залуучуудаар удирдуулсан шинэлэг гарааны бизнесийг дэмжих, ажлын байр бий болгох зорилтын хүрээнд “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр"-ийг ес дэх жилдээ хэрэгжүүлж байгаагаараа онцлогтой.   

Энэ хугацаанд нийт 10 орчим гарааны бизнесийг дэмжиж, хөгжүүлсэн ба Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас нийт 90 орчим сая төгрөгийн санхүүжилт олгосноор 30 гаруй ажлын байр шинээр бий болгож чаджээ.

Тухайлбал, 2018 онд аялал жуулчлалын үйлчилгээ, модон эдлэл, эмийн сангийн төрөлжсөн үйлчилгээ, Арвай хүнсний үйлдвэр гэсэн 4 шинэ гарааны бизнесийг дэмжиж байсан. Тэгвэл энэ онд 10 гарааны бизнесийг шинээр дэмжиж, гурван жилийн хугацаатай 10 сая төгрөгийн хүүгүй зээлийг залуу бизнес эрхлэгчдэд олгохоор төлөвлөж байна.

Үүнтэй холбогдуулан Жаргалант сумын залуучуудын дунд “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих" сургалт энэ сарын 20, 21-ний өдөр болж байна.

Тус үйл ажиллагаанд Жаргалант сумын 50 орчим залуу үеийнхэн оролцож байгаа юм. Тэд бизнес санаагаа хэрхэн хөгжүүлэх, загварчлах, хамтын ажиллагааг өргөжүүлэх, загвар бүтээгдэхүүн бий болгох, улмаар бүтээгдэхүүн үйлчилгээгээ зах зээлд нэвтрүүлэх талаар сургалтад хамрагдаж, шинэ мэдлэг, арга зүйтэй боллоо.

Мөн оролцогчид өөрсдийн шинэхэн бизнес санааны төсөл, түүнийг хөгжүүлэх, өргөжүүлэх боломжийн талаар маргааш нээлттэй танилцуулж, хэлэлцэх зарчмаар үргэлжилнэ. Ингэснээр Жаргалант сумын хэмжээнд хоёр шилдэг гарааны бизнесийг шалгаруулж, эрхийн бичиг гардуулах юм.

Хамгийн гол нь шинэлэг байдал, өвөрмөц санаа, бизнесээ хөгжүүлэх боломж, эрсдэл, зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг  зөв тодорхойлох  гэх мэт шаардлага, шалгуур үзүүлэлтийг харгалзан үзэх аж.

Цаашид Ховд аймгийн ХХҮГ-аас 15-34 насны залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих сургалт, үйл ажиллагааг тусгай хуваарь, төлөвлөгөөний дагуу хөдөөгийн сумдад зохион байгуулна.

Энэхүү хөтөлбөр нь залуучуудыг гарааны бизнесээ эхлэх бүтээлч сэтгэхүйтэй болгох, сурган хүмүүжүүлэх, онолоор эзэмшсэн мэдлэг, ур чадвараа практикт турших боломжийг бүрдүүлжээ. Мөн өөрийгөө илэрхийлэх, хөгжүүлэх, олон нэр төрлийн бүтээгдэхүүн шинээр бий болгох, түүнийгээ зах зээлд борлуулах, бизнесээ төлөвлөх арга зүйд залуучуудыг сургаж байгаагаараа давуу талтай гэж зохион байгуулагчид хэллээ.

  

Холбоотой мэдээ