Б.Дэлгэрсайхан: Эрэлч нохой газрын гадаргаас 7 метрийн гүн дэх юмыг үнэрлэх чадвартай

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2019-06-20 18:14:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Онцгой байдлын байгууллагын түүхт 15 жилийн ойн өдөрлөг, баярын ёслол Сүхбаатарын талбайд үргэлжилж байна. Өдөрлөгийнхөө үеэр  тус албаныхан ажил, мэргэжлийн онцлогийг иргэдэд танилцуулж байлаа.

Үндэсний аврах бригадын дэргэд аврагч нохой сургалтын алба 2017 онд байгуулагдсан. Онцгой байдлын байгууллага эрэлч нохойн албатай болсноос хойш 10 алба хаагчийг нохой сургагчаар бэлтгэн, 10 нохойг эрэн хайх, аврах чиглэлээр сургаж, дадлагажуулжээ.  Ингэснээр гамшигтай тэмцэх бэлтгэл, бэлэн байдал дээшилж, аливаа гамшиг ослын үед эрэн хайх, аврах ажиллагаа явуулахад цаг хэмнэх, алба хаагчдын ажлыг хөнгөвчлөх боломжтой болсон байна.

Нийслэлийн аврах 105 дугаар ангийн  эрэлч нохой сургагч, ахлах дэслэгч Б.Дэлгэрсайхантай уулзахад, “Ченжи” хэмээх  эрэлч нохой маань нэг ой, хоёр сартай. Одоогоор дөрвөн удаагийн аврах ажиллагаанд оролцоод байна. Тухайлбал,  уснаас  хоёр  хүн, уулнаас амиа хорлох гэж байсан нэг хүнийг аварсан.


Аврагч хүний  нэг цагийн хугацаанд  хийх эрлийг  нохой  15 минутын дотор хийж гүйцэтгэдэг. Эрэлч нохой газрыг 7 метрийн гүнд үнэрлэх чадвартай тул нурангид өртсөн хүнийг цаг хугацаа алдалгүй аврах боломжтой байдаг" хэмээн ярив. 

 Нийслэлийн Онцгой байдлын Сүхбаатар дүүрэг дэх  Гал түймэр унтраах 34 дугаар ангийн жолооч М.Цогтбаяр аврах үйл ажиллагааны багаж хэрэгслийг олон нийтэд танилцуулж заавар зөвлөгөө өгч байхад  Үндэсний аврах бригадын аврагч, ахлагч Э.Золзаяа тэсэлгээний   багаж хэрэгслийг иргэдэд  танилцуулав. Эдний  алба нь  уул уурхайн  тэсрэх бодис ил задгай газар  хаягдаж орхигдсон дуудлагаар үйлчилж аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй ажилладаг аж.

  “Гамшиг судлал хүрээлэн”-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, дэд хурандаа Д.Сэржмядаг:  

-Миний бие онцгой байдлын албанд үүрэг гүйцэтгээд 15 жил болж байна. Онцгой байдлын алба дэргэдээ гамшиг судлалын хүрээлэнтэй. Манай байгууллага гамшгаас хамгаалах үйл ажиллагааг  шинжлэх  ухааны үндэстэй зохион байгуулах талаарх судалгаа, лабораторын туршилт шинжилгээ дүгнэлт хийдэг.  Монгол орны нөхцөлд тохиолдож болох гамшгийн бүх төрлөөр сүүлийн 15 жил хийсэн судалгааныхаа дээж, уралдаан тэмцээний шагнал,  суурин болон явуулын лабораторынхоо тоног төхөөрөмжийг  нийтэд  сурталчилж  байна.


ОБЕГ- ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян:

-Онцгой байдлын алба 15 жилийн тэртээ, Засгийн Газрын шийдвэрээр  Гал түймэртэй тэмцэх байгууллага, Иргэний хамгаалах улсын нөөцийн байгууллагатай нэгдэж нэгдсэн тогтолцоонд орсон түүхтэй. Тухайн үед шинэ бүтэц зохион байгуулалтаар ажиллахад албан хаагчдын  ур чадвар, мэргэжлийн тоног төхөөрөмж  ихээхэн дутагдалтай байсан. Хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр  Монгол улсын Их хурал  Засгийн газраас тодорхой арга хэмжээ авч, хуулийн үзэл баримтлалын хүрээнд гамшгаас  хамгаалах удирдлагын тогтолцоог суурилуулж  өгсөн.  Энэхүү тогтолцоон дээр  тулгуурлаж бүх төв хороо, онцгой байдлын  байгууллагыг бэхжүүлэх замаар ард иргэдийг гамшгаас сэргийлэх, эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны эхлэл суурийг тавьснаараа онцлогтой. Алба хаагчдыг өмсгөл багаж хэрэгсэл  дутмаг,  хүйтэн гүн усанд зөвхөн дотуур хувцастайгаа орж байсан тохиолдол гардаг байсан тэр үетэй харьцуулахад 15 жилийн хугацаанд  онцгой байдлын техник тоног төхөөрөмж  бэхэжсэн.


 Онцгой байдлын байгууллагын чадавх тухайн үеийн үнэлгээнэээс даруй 50 хувиар  өссөн үзүүлттэй байгаа.  Нийт 15 жилийн хугацаанд үүрэгт ажлаа гүйцэтгэж байхдаа 29 албан хаагч маань амиа алдсан харамсалтай үйл явдал тохиолдсон ч бидэнд маш том сургамж болсон.  Цаашдаа гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулахад анхаарч ажиллах болно.  Мөн  гамшгаас хамгаалах мэдлэгийг иргэдэд хүргэх аргаар үйл ажиллагаагаа сайжруулах зорилт тавин ажиллаж байна. 2017 онд гамшгаас хамгаалах хуулийн шинэчилсэн найруулга батлагдсан.  Энэ хуульд манай албан хаагчдын эрх зүйн байдал нийгмийн баталгаа хангах чиглэлээр нэлээн тодорхой  шинэчлэлүүдийг тусгасан. Анх удаагаа онцгой байдлын албан хаагчид зэргийн нэмэгдэлтэй болсон. Үндсэн цалингийн 20 хүртэлх хувиар нэмэгдэл олгох онцгой  байдал байгуулсан албан хаагчид 100 хүртэлх сая төгрөгний мөнгөн урамшуулал олгохоор тусгагдсан байгаа.

Ийнхүү Онцгой байдлын албаныхан ажил, мэргэжлээ олон нийтэд сурталчилж байна.

                                                                                                                                                                                   Д.Отгонцагаан

                                           
Холбоотой мэдээ