“Барилгын материалын сорилтын лаборатори” энэ сард 57 нэр төрлийн шинжилгээ хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-06-20 17:30:20

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн ГХБХБГ-ын дэргэдэх “Барилгын материалын сорилтын лаборатори” нь энэ сард  20 аж ахуйн нэгжийн давхардсан тоогоор 21 материалд  57 нэр төрлийн сорилт,  шинжилгээний ажил хийжээ.

Тухайлбал, барилга угсралтын 17, тоосгоны үйлдвэрийн 1, Говь-Алтай аймгийн барилга угсралтын 2 компани, аж ахуйн нэгжийн хүсэлтээр цемент, тоосго, блок, элс зэрэг барилгын материалаас дээж сорьц авч, улмаар ширхэглэлийн бүрэлдэхүүн, тоос, шаварлаг хольцын хэмжээ, нягтрал, чийгшилт, ус шингээлт, органик хольц, бах бэх байдлыг тодорхойлох  шинжилгээг  стандартын дагуу  хийсэн байна.  

Мөн гүйцэтгэгчийн хүсэлтээр “Үл эвдэх” туршилт хийх зорилгоор 10 гаруй барилга дээр хяналтын ажилд оролцжээ. Түүнчлэн улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалттай барилга байгууламжийн үе шатны чанарын хяналтад оролцож, бат бэхийг тодорхойлох дээжийг газар дээр нь авч ажиллажээ.

Үүнээс гадна материалын үйлдвэрийн судалгаа хийж, 13 үйлдвэрт барилгын материалын стандарт, техикийн шаардлага  ханган ажиллах тухай цуврал зөвлөмж өгчээ.

Тус лаборатори нь хүнд болон хөнгөн бетон, цемент, тоосго, зарим дулаалгын материалын шинж чанарыг Монгол Улс болон олон улсад мөрдөж байгаа стандартын дагуу судлан шинжилж, туршин дүгнэлт хийх чиглэлээр орон нутгийн хэмжээнд бие даан ажиллаж байна. Энэ лаборатори нь хоёр дахь удаагаа магадлан итгэмжлэгдсэн гэдгээрээ давуу талтай.


 

 

Холбоотой мэдээ