Ногоон байгууламжийг нэмэгдүүлж, шинээр байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-06-20 16:03:41

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Хот тохижилт, үйлчилгээний газраас аймгийн төвд ногоон байгууламжийг хэдэн хэдэн газарт нэмэгдүүлэн, шинээр байгуулж, хотынхоо өнгө үзэмжийг сайжрууллаа.

Нэгдэлчин зочид буудлын уулзвараас Онцгой байдлын газрын уулзвар хүртэл төв зам дагуух засмалын хоёр талаар хайлаас мод суулгасан бол тус газрын нийтийн эзэмшлийн тусгаарлах талбайд шинээр зүлэгжүүлэлт хийсэн байна. Мөн аймгийн Биеийн тамир спортын газрын уулзвараас Аюулгүйн тойрог хүртэлх засмал замын хоёр талаар ногоон байгууламжийг нэмэгдүүлэн шар хуайс, хайлаас зэрэг модыг суулгажээ.

Өмнө жилүүдийнхтэй харьцуулахад 50 орчим хувь илүү талбайд зүлэг, цэцгийг тарьж ургуулж байгааг албаныхан мөн танилцуулав. Тодруулбал, өнгөрсөн жилд 6000-7000 цэцэг тарьсан бол энэ жил 10000 гаруй цэцгийг тарьж ургуулж байгаа аж. Цэцгийн үрсэлгээг нутгийн хөрсөнд хоёр сарын хугацаанд тарьж ургуулсан бөгөөд Аюулгүйн тойрог, төв талбай, гандангийн өмнөх талбай, төв зам дагуух нийтийн эзэмшлийн талбайд суулгаж байгаа юм байна.

Мод тарьж ургуулахад 30 гаруй хүнийг түр ажлын байраар хангасан бөгөөд өнөөдрөөс Мазаалай парк, төв зам дагуу цэцгийн мандлуудад цэцгийн үрсэлгээг суулгаж эхэллээ.

Ногоон байгууламж нь агаарт дэгдэх нүүрсхүчлийн хийг багасгаж, хүчилтөрөгчийг нэмэгдүүлэн, тоосжилтыг дарж, цэвэр агаараар амьсгалах нөхцөлийг бүрдүүлдэг байна.

Холбоотой мэдээ